"Мөнгө цаас болоход..." - Түүхэн дэх хамгийн өндөр инфляцийн өсөлтүүд
Мөнгө цаас болох гэсэн хэллэг бий. Гэтэл энэ үг нь бодит байдалд ямар их ойртож болох тухай бид тэр болгон боддоггүй, мэддэггүй билээ. Ингээд мөнгө цаас болсон тухай, инфляц богино хугацаанд улс орны эдийн засгийг сүйрүүлсэн тухай янз бүрийн улс орон,цаг хугацааны тухай сонирхуулах бөгөөд тэр үеүдэд мөнгө нь хэвлэсэн цааснаасаа ч хямдхан болж байсан гэдэг.
Гиперинфляц гэдэг бол зөвхөн орчин үеийн ойлголт биш эрт цагт ч байсан үзэгдэл бөгөөд мөнгө анх үнэгүйдсэн тохиолдлыг Францын хувьсгалын үе буюу XVIII зууны төгсгөлд болсон гэж үздэг. Түүхийн бичиг баримтаар бол энэ үед мөнгөний ханшны уналт сард 143%-д хүрч байжээ. XX зууны эхэн хүртэл энэ нь ханшны уналтын дээд хэмжээ гэж тооцогдож байсан бол дараа нь дэлхийн янз бүрийн улс оронд болсон 17 удаагийн ханшны уналт нь Францын тэрхүү эргэлзээтэй дээд амжилтыг давсан байна.
Жон Хопкинсийн нэрэмжит Их Сургуулийн эдийн засгийн профессор Стив Ханке нь гиперинфляц нь барааг бараагаар солилцох болон үнэт металл-мөнгөөр бодит бараа худалдан авдаг эдийн засгийн үед огт байгаагүй гэжээ. Мөнгө үнэгүйдэх нь зөвхөн мөнгөний тоо хэмжээ замбараагүй их болж, ямар нэг стандарт, дүрмээр хянагдах болсон үед л бий болдог гэнэ.
Мөнгө зоосыг бараагаар сольдог байсан үед инфляцтай тэмцэхэд хэцүү биш байлаа. 1124 онд Хенри I хааны үед мөнгөн зоосны үнэ унаж эхэлсэн байна. Зоосыг цутгаж байгаа мөнгөний, металлын чанар муудсан нь үүний шалтгаан байжээ. Ханш уналтаас болж эдийн засгийн хямрал бий болох аюул байсан учир хаан мөнгө цутгагч нарын баруун гарыг огтолж, оронд нь шинэ хүн авах зарлиг буулгасан байна. Ингэснээр одоогийн фунт стерлингийн өмнөх үе болох мөнгөн стерлинг нь ханшийн хувьд тогтворжсон гэдэг. Харин өнөөдөр инфляцтай тэмцэх нь хамаагүй илүү хэцүү бөгөөд ядаж л Жорж хааны аргаар хүний гар хөл таслаад үр дүнд хүрэхгүй нь ойлгомжтой.
Ямар нэг материаллаг зүйлээр баталгаажаагүй ямар ч валют нь инфляцад өртөх эрсдэлтэй, үүнээс найдвартай хамгаалахын тулд эдийн засгийн хурдацтай өсөлт, улс төр, нийгмийн тохирох орчин бий болох ёстой юм. Одоо дурдах тохиолдлууд нь дээрх онолыг хөдөлшгүй үнэн зүйл гэдгийг баталсан явдлууд билээ.
1 Грек, 1944
Гиперинфляцын хамгийн том жишээ нь 1944 онд Грект болсон явдал юм. Юмны үнэ 4 хоног тутамд 2 дахин өсч, сарын инфляцын хэмжээ 13800% хүрч байв. Эдийн засгийн энэ хямрал нь Гитлерийн Герман тус улсыг эзлэн авч хяналтаа тогтоож байсантай холбоотой бөгөөд энэ нь 1,5 жил үргэлжилжээ.
1938 онд грекүүд драхмыг дунджаар 40 хоног хадгалж дараа нь ямар нэг эд зүйл худалдан авч байсан бол 1944 оны намар ердөө 4 цаг л хадгалж байв. 1943 онд гүйлгээнд байгаа хамгийн том мөнгөн дэвсгэрт нь 25 000 драхм байсан бол 1944 оны төгсгөлд 100 000 000 000 000-ын драхмын дэвсгэрт гарч байжээ.
2 Герман, 1919
Дэлхийн нэгдүгээр дайны дараа Герман улсыг урь хожид байгаагүй их гиперинфляц нөмөрсөн байна. Дайнаар ядарч туйлдсан эдийн засаг үйлдвэрлэл, асар их өр зээл, дайны төлбөр гээд их мөнгөний өр энэ улсыг хүлээж байлаа. Засгийн газар маркийг бөөн бөөнөөр нь хэвлэж валютаар солин гадаад өрөө дарна гэж тооцож байснаас мөнгөний үнэ ханш огцом унаж эхэлжээ. Гурван өдөрт л юмны үнэ хоёр дахин нэмэгдэж сарын инфляцын төвшин 29500% хүрч байсны хамгийн тод илрэл нь талхны үнэ юм. 1-р сард Берлинд нэг талх 250 маркийн үнэтэй байсан бол 11 сард энэ талхны үнэ нь 200 тэрбум марк болсон байв.
3 Серби, 1992
1992 онд хуучин социалист Югослав бутран тарж Серби, Монтенегро улс л үлдлээ. Эдийн засгийн болон улс төрийн хямрал нүүрлэсэн энэ улсын засаг захиргаа мөнгө хэвлэж амиа аргацааж байснаар улс орон даяар юугаар ч баталгаажаагүй мөнгө замбараа цадиггүй их болсон байна.
1994 оны эхний саруудад НҮБ эдийн засгийн хориг арга хэмжээ авч, дээр нь хэмжээ хязгааргүй авилга, хээл хахууль газар авсан зэргээс шалтгаалан гиперинфляц 313 сая хувьд хүрч байжээ. Дэлгүүрт байх цөөхөн бараа бүтээгдэхүүн нь 34 цаг тутамд хоёр дахин өсөж байсан ба иргэд нь ямар нэг мөнгө олсон бол 1-2 цагийн дотор түүнээсээ салж байв. Угаасаа мөнгөөр авах эд зүйл ховор байсан учир хил даван Унгар улсад очиж амь зуухад хэрэгтэй анхан хэрэгцээний бараа бүтээгдэхүүн авч байжээ.
4 Зимбабве, 90-ээд оноос
XX зууны 90-ээд оны эхээр Зимбабве улс гиперинфляцын дээд хэмжээг тогтоосон гэдэг. 1980 онд тус улсад мөнгөний шинэ нэгж гарган 1 зимбабве доллар нь 1,25 ам доллартай тэнцэхээр болжээ. Хэсэг хугацаанд энэ ханш тогтвортой байсан боловч 1990 онд газрын шинэчлэл эхэллээ. Улс орноос европчууд, хөдөө аж ахуй эрхэлдэг байсан цагаан арьстнуудыг хөөн явуулж газрыг нь зимбабвичууд эзэлсэн байна. Энэ хүмүүс ажил хийх сонирхол бага, туршлага муутай учир улс орны эдийн засаг ч суларч эхэлсэн ба дээрээс нь1998 онд хөрш Конго улстай дайтаж эхэлсэн, АНУ 2002 онд эдийн засгийн хориг арга хэмжээ авч эхэлсэн зэргээс болон мөнгөний ханш огцом унасан байна.
2007 онд үл хөдлөх хөрөнгө эзэмшигч нар нь түрээсийнхээ төлбөрт ямар ч мөнгө авалгүй гурил, ургамлын тосоор төлбөр тооцоо хийж байсан ба хамгийн гүйлгээтэй валютаар ариун цэврийн цаас тодорч байсан гэхээр байдал ямар байсан нь тодорхой. 2008 оны 11-р сард өдөр болгон юмны үнэ нэмэгдэж байсан ба оргил үедээ нэг талх 200 тэрбум зимбабве долларын үнэтэй болсон гэдэг.
5 Унгар, 1918 оноос
Унгар улсад дэлхийн нэгдүгээр дайны дараагаас эдийн засгийн хямрал эхэлж хоёрдугаар дайны дараа л дууссан билээ. Австри-Унгарын эзэнт гүрэн задарсны дараа тус улсад шинэ валют болох пенгё бий болсон ба энэ шинэ валютын ачаар улс орноо эдийн засгийн хямралаас гаргана, гадаад өрөө дарна гэж засгийн эрх баригчид тооцож байв.
Энэ нь бүтэлгүйтэх үед улсын банк нь мөнгөн тэмдэгтээ девальваци хийх замаар төсвийн алдагдлаа нөхөх гэж оролдсон ба дэлхийн хоёрдугаар дайны үед мөнгө хэвлэх ямар нэг хязгаарлалт алдагдсанаар ханш урьд өмнө байгаагүйгээр унажээ. Юмны үнэ 15 цаг тутамд хоёр дахин өсч 1946 оны 6 сард ханшны уналтын хэмжээ 41,9 квадриллион хувь болж байв. Унгар улсын гүйлгээнд байгаа бүх мөнгөн тэмдэгтийн үнэ ханш нь тэр үеийн нэг Америк долларын 1000-ны нэгтэй тэнцэх хэмжээтэй байсан гэдэг.