Шотланд улс Их Британиас хамааралгүйгээр Европын холбоонд эргэн нэгдэхэд бэлэн гэв
Их Британи улс Европын холбооноос гарснаас хойш анх удаа Шотландын ерөнхий сайд Брюссельд айлчлан ирлээ. Ерөнхий сайд Никола Стёрджен Улс төрийн судлалын төвд хэлсэн үгэндээ Их Британийн нэгэн хэсэг болох Шотланд нь Европын холбоонд бие даасан бүрэн эрхт улсын хувиар орох ёстой гэсэн байна.
“Их Британи бол унитари улс биш, харин сайн дурын үндсэн дээр нэгдсэн холбоот улс. Энэ улсын нэгэн хэсэг болсон Шотланд нь Европын холбоонд үлдэх хүсэлтэйгээ хэд хэдэн удаа илэрхийлсэн билээ. Европын холбооны 5 сая иргэн нь энэ холбоонд 47 жилийн турш оршин байсны дараа өөрийнхөө хүсэл бодлыг ч илэрхийлэх боломжгүйгээр тус холбооноос гарна гэдэг минийхээр бол байж боломгүй зүйл. Тийм учраас Шотланд нь, Шотландын засаг захиргаа нь иргэдийнхээ хүсэл бодлыг хуулийн дагуу илэрхийлсэн, цаашдаа улс дотроо төдийгүй олон улсын хүрээнд хүлээн зөвшөөрөх референдум зохион байгуулах хүсэлтэй байгаа юм” гэж тэрээр хэлсэн байна.
Шотландын ерөнхий сайд өөрийн улсыг тусгаар тогтносон улс болно гэдэгт эргэлзэхгүй байгаа бөгөөд энэ нь чухам цаг хугацааны л асуудал гэж үзэж байгаагаа мөн хэлжээ. Харин одоогоор Шотланд нь Их Британийн засаг захиргаатай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сэдвээр яриа хэлэлцээгээ үргэлжлүүлсээр байх бөгөөд энэ нь Лондонд Эдинбург болон бусад европын улсуудтай хийх худалдаанд давуутай байдал олгохгүй байх нэг нөхцөл гэж Стёржен хэлсэн байна.
"Бид адил тэгш эрхтэй худалдааг дэмжиж байгаа. Ингэснээр Их Британи нь Европын холбооны стандартаас доогуур стандарт тогтоохоос сэргийлж, бидний экологид тавих шаардлага, хөдөлмөрийн нөхцөл зэргийг хэвийн хэмжээнд байлгах, Шотландын үйлдвэрүүд Европын холбоонд экспортын бүтээгдэхүүн гаргахад тодорхой хөнгөлөлт үзүүлэх болно. Бид хэлэлцээний явцад чухам ийм байр суурьтай байх болно" гэж ерөнхий сайд хэлжээ.
Шотландын засгийн тэргүүн еврокомиссаруудын өрсөлдөөний тухай уулзалтад оролцсоны дараа дээрх үгийг хэлсэн байна. Мөн Никола Стёрджен болон Маргрете Вестагер нар нь тоон системийн эдийн засагтай холбоотой асуудлууд, НҮБ-ийн ивээл дор Глазгод зохион байгуулагдах цаг агаарын өөрчлөлттэй холбоотой бага хурлын тухай санал солилцсон байна.