Коронавирусын халдвараар бага насны хүүхэд огт эндээгүй байгаагийн шалтгааныг эрдэмтэд тайлбарлажээ
Хятад улсаас үүсэлтэй коронавирус нь 1000 давсан хүний амийг авч одсон боловч одоогоор бага насны хүүхэд энэ өвчнөөр эндсэн тохиолдол бүртгэгдээгүй байна. Эрдэмтэд үүнийг учрыг олох гэж судалж үзээд ихээхэн сонирхолтой дүгнэлтэд хүрсэн тухай "Livescience" хэмээх Америкийн шинжлэх ухааны сэтгүүлд бичжээ.
Хүүхэд нь энэ вирусийн халдвар авах нь том хүнтэй адилхан боловч өвчлөл нь ихээхэн хөнгөн, амархан эмчлэгддэг шинж чанар байгаа бололтой. Хятадын мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар бол энэ вирусээр өвчилсөн хүмүүсийн дотор дөнгөж төрсөн хоёр ч хүүхэд байгаа гэнэ. Энэ өвчнөөр өвдсөн хүмүүсийн дундаж нас нь 49-56 бөгөөд хэдийгээр хүүхэд байгаа ч тоо нь маш цөөхөн, нас барсан хүүхэд огт байхгүй бололтой.
Хүүхдэд энэ вирусийн өвчлөлийн хамгийн хүнд хэлбэр илрэхгүй байгаа бөгөөд харин эрдэмтэд, эмч нар яагаад ийм байгааг одоогоор тайлж чадахгүй байна.
“Бид яагаад ийм байгааг одоогоор бүрэн ойлгож чадаагүй байгаа ба хүүхдийн дархлааны ажиллагаа том хүмүүсийнхээс өөр байгаа болов уу гэж таамаглаж байна”-гэж Юта мужийн Их Сургуулийн хүүхдийн халдварт өвчин судлалын хэлтсийн дарга, доктор Эндрю Павия ярьжээ.
“Дөнгөж төрсөн болон бусад хүүхдийн дархлаа нь гаднаас орж ирэх янз бүрийн аюултай үйлчлэлд илүү идэвхтэй байдлаар хариу үйлчлэл үзүүлдэг бололтой гэж бид таамаглаж байгаа юм” гэж тэрээр хэлсэн байна.
Коронавирусын эсрэг тэмцэж байгаа эмч нарын үзэж байгаагаар бол хүүхдийн дархлаа нь гаднын аюулаас хамгаалах хамгийн анхны хамгаалалтын шугам байх бөгөөд энэ системийн эд эс нь вирус зэрэгт маш хурдан хариу үйлчлэл үзүүлж байгаа шинжтэй гэнэ. Өөрөөр хэлбэл хэрвээ хүүхдэд коронавирусын үйлчлэл бий болбол дархлааны систем нь том хүнийг бодвол илүү идэвхтэй, хурдтай хариу үйлчлэл үзүүлдэг, үүнээс болж өвчлөл болон өвчний шинж чанар нь ч хөнгөн байдлаар илэрдэг байна.
“Короновирусын хувьд бол хүүхдэд энэ өвчнөөр өвчилсөн ямар нэг шинж тэмдэг илрэхгүй байна гэж хэлж болохгүй ба хүүхэд вирусийн хатгалгаагаар адилхан л өвдөж байгаа” гэж Темплийн Их Сургуулийн халдвар судлаач Крис Жонсон хэлээд - “хүүхдийн дархлаа нь том хүнийг бодвол илүү хүчирхэг учир энэ систем нь вирусийн нөлөө бий болох үед том хүний дархлааны систем шиг хамаг хүч боломжоо шавхах шаардлагагүй бололтой” гэж дүгнэсэн байна.
Яагаад ийм байгаа талаар эрдэмтэд судалсаар.
Эрдэмтдийн ажигласнаар бол насанд хүрсэн хүмүүс салхин цэцэг өвчнөөр амь эрсдэх нь хүүхдээс 25 дахин их байдаг ба томуу өвчин хүүхдэд маш их хор хохирол учруулж болох ч хүүхэд жижиг тусмаа энэ өвчнийг давах чадвар нь өндөр байдаг гэнэ. Жишээ нь улирлын ханиад томуугаар өвчилсөн насанд хүрэгчдийн үхэл хүүхдээс 10 дахин их байдаг. Короновирусын хувьд ч бас ийм байна.
Эндрю Павигийн хэлж байгаагаар бол хүүхэд нь амьсгалын замын өвчлөлд нэрвэгдэх нь томчуудыг бодвол бага, халдвар аван өвдсөн ч аав ээж, өвөө эмээгээ бодвол амархан эдгэдэг байна. Гэхдээ үүний шалтгаан нь хүүхдийн дархлааны системээс өөр зүйл байж болох гэнэ.
Үүний нэг нь хүүхдийн амьсгалын замын эрхтэн нь илүү эрүүл цэвэр байдагтай холбоотой ба тэд тамхины утаа болон бусад агаарын бохирдлын нөлөөг томчуудаас бага амссан байдаг билээ. Өөр нэг зүйл нь хүүхэд том хүнийг бодвол илүү эрүүл, янз бүрийн архаг хууч өвчин байдаггүй учраас томчууд шиг короновирусын халдвар аваад энэ архаг хууч өвчин нь хүндрэх гэсэн шинж чанар үгүй билээ.