Үнэхээр адал явдал, ааш араншин, адайр зан, амар амгалан...алив бүхнийг уралдуулж амьдрах юм даа.
Титэм вирус тойрсон тэнгэрлэг, тэвчээрлэг онигоонууд нэмэгдсээр, тэр тоолон өөрсдийнхөө өчнөөн хөгжилтэй, өрөвдмөөр хөгийн дүр зургийг олж харсаар...эрүүлийг хамгаалахынхан маань нойртой нойргүй, цайтай цайгүй, гар нүцгэн, ганзагалаа хоосон л улаан шугаманд тулалдаж, учирч болох бүхний өмнө уруул амаа тас жимийгээд тарж унатлаа босоогоороо хонож байх юм.
Тэр зуур тэнгэрлэг монголчууд амны хаалтаа ар шилэн дээрээ хаячихаад л, хурал болгоныг тандаж, худалдаа болгон руу гүйж, дэлгүүр болгоныг ачаалж, дэлгээтэй болгоноор шагайж, хүнс байвал нөөцөлж, хоол байвал буудаж, гурил байвал элдэж, мах байвал татсаар бүтэн сарыг ардаа хаяж, бүлээн зүсээ гундтал вирусаар амьсгалав.
Ямартаа л Цагаан сар тэмдэглэх, үгүйгээ хүртэл яадаг ч байсан төрөөрөө заалгах гээд, Засгийн шийд хүлээгээд, Захирагчийн зарлиг үлээгээд...хэд хонолоо. Ах дүүс, аав ээжтэйгээ ярилцаад амин зуураа, аргамжаагаа бөхлөөд шийдчих учиртай байтал хүний үгэнд ордог ч юм шиг, төрийн шийдвэрээ дагачихдаг ч юм шиг хэд хоног зарлиг хүлээж, хэлцэж байгаад идээгээ бэлдчихдэг юм байна. За яг үнэндээ Цагаан сар цуцаллаа гэсэн бол яах байснаа мэдэж байна уу. Яасан амны билэггүй, ашдын ерөөлгүй, аль газраас ирсэн амьтад вэ гээд баахан шүүнэ.
Тэгснээ хавар шуурга эхлэнгүүт за ингэх гээд байсан юм аа, ам цагаан хулгана жилээс нүүр буруулсны ёр оршиж, ёс гажиж, хангай дэлхий хар шуурга тавиад эхэллээ гээд л чухам нэг муугаар хэлж, муухайгаар шүүнэ...нөгөө үгээр балбуулж, үзгээр зодуулсаар байгаад дальдчаа болчихсон улстөрчид нь ямартаа л цуцална ч гээд дуугарчихаж чадахгүй, цуцлахгүй ч гээд шийдэж мэдэхгүй хоорондоо бичиг шидэлцээд, хонон хэлэлцэж, өнжин үймж байхав. Юутай ч олны хөлийн газруудыг хааж, олны уймарсан сэтгэлийг нэгэнтээ торгоов.
Тэгсэн одоо яав. Нөгөө вирус нь илэрсэн, нуугаад байх шиг байна гээд өдөржин хардаад, шөнөжин зүүдлээд...ЭМ-ийн сайд, яамны ажилтнууд, эмнэлгийнхнийг буланд шахаастай, булзаж байна гэж мэтгээстэй. Өнөө хэд нь энэ их урьдчилан сэргийлэх ажлынхаа хажуугаар худал мэдээ болгонд хариулж, хуурамч дохио болгонд өндөлзсөөр байгаад ягтаа тултал ядраастай, янгиандаа холгогдоод бүдрээстэй. За чи хэл л дээ, Монголд илэрснийг нь нуугаад байгаа биз дээ гээд л бүлтэгнүүлчихнэ. Буландуулсаар байгаад өнөөх нь айсандаа худлаа ам ангайчих вий гээд бүүр эрүү шанаа нь эвгүй зуураастай.
Илэрсэн гээд хэлчихвэл бүх нийтээрээ санаа амрах гээд байгаа юм уу, салж нүүх гээд байгаа юм уу, хаашаа ч юм. Илрээгүй юмыг илрээгүй л гэхгүй, олны хар, онолчдыг амыг дагуулаад "Илэрсэн" гэж хэлэх юм уу, бүү мэд ээ. Есөн эрүү тулгуулсаар байгаад нэг өглөө нөгөө Сарангэрэл сайд зүүдэлж босч ирдэг дээрээ тулж байгаа биз. Хөөрхий тэр эмэгтэй вирус илрээгүй гээд үнэнийг хэлэхээр итгэхгүй, ирэх өдрүүдэд бэлдээд эмнэлэг багажаа бэлдэхээр идүүлчих гээд...за нэг иймэрхүү л замын дунд, зарлигийн эхэнд амьдарч байна даа...ингэхэд өргөн дэлгэр өрнөж байсан Цагаан сарын худалдаа наймаа, хөл хөдөлгөөн, реклам сурталчилгааг засаг төр хязгаарлахаа мэдлээ, Цагаан сараа хязгаарлаж, золгох үгүйгээ золтой түмэн минь шийдээ биз ээ? Ингээд бодохоор манайхан үнэхээр тэнгэрлэг ээ, тэнгэрлэг...тэнгэрлэг гэдэг чинь үүлэрхэг гэсэн үг юм уу, мээдкү
Р.Эмүжин