Технологийн ачаар Солонгос бүсгүй нас барсан охинтойгоо уулзаж чаджээ
Өмнөд Солонгосын инженер, программчдын багийн тусламжтайгаар нэгэн эмэгтэй хэдэн жилийн өмнө нас барсан хүүхэдтэйгээ уулзсан байна. Энэ туршилтыг хийх гэж 8 сарын туршид нөр их зүтгэл гаргасны хүчээр эх үрийн уулзалтын тухай “Би чамтайгаа уулзлаа” хэмээх нэртэй баримтат киног хийж чаджээ.
Энэ туршилт болон баримтат кино нь Чан Жисэн хэмээх эмэгтэйд, түүний 2016 онд 8 настайдаа өвчний улмаас нас барсан охин Наён нарт нь зориулагдсан бөгөөд орчин үеийн тоон технологийг ашиглан эх хүүхэд хоёрыг виртуал байдлаар дахин уулзуулж, үг солилцох боломж олгосон юм.
Энэ төслийг хэрэгжүүлэх үед программистуудын болон 3D моделийн том баг ажиллан хүүхдийн нүүр царай, дуу хоолойг гарган авснаас гадна ээж охин хоёрын уулзаж, аз жаргалтай хэсэг хугацааг өнгөрөөх цэцэрлэгт хүрээлэнг бүтээсэн байна.
Нэгэн охины хөдөлгөөнийг бичиж аван тусгай программын тусламжтайгаар тоон системд шилжүүлэх замаар Найон охины хөдөлгөөнийг бий болгосон ба ээж нь охиндоо хүрэх боломжтой байхын тулд Чан Жисэн нь тусгай VR хэрэгсэл, бээлий зэргийг өмсжээ.
Туршилтын явцад эмэгтэй гурван жилийн өмнө нас барсан охиноо тэврээд зогсохгүй түүнийхээ төрсөн өдрийг уламжлал ёсоор лаа зоосон бялуутайгаар хамтдаа тэмдэглэсэн ба энэ виртуал уулзалт нь дэлгэцээр гарч байхыг охины эцэг, ах дүү болон энэ ер бусын төслийг хэрэгжүүлэхэд оролцсон өөр бусад 200 гаруй хүн нь харж байлаа.
Энэ уулзалт Чан Жисэнд гүн сэтгэгдэл үлдээсэн бөгөөд тэрээр дараа нь өөрийн блогдоо энэ талаар :
“Ингээд гурван жилийн дараа би охиноо илүү их хайрлаж байх ёстой байсныгаа ойлголоо. Хэрвээ тэгж хайрлаж байсан бол одоо охиноо санаж, түүнгүйгээр уйтгарлан байх, сэтгэл санаагаар унаж байгаа энэ байдлаас ихээхэн өөр, сайхан байх байсан болов уу. Охинтойгоо дахин уулзсанаас хойш би юу хийх ёстой байсан тухайгаа илүү сайн ойлгож авлаа” хэмээн бичсэн байна.
Биднийгээ орхин одсон хамгийн дотно хүнтэйгээ дахин уулзана гэдэг ямар ч хүнд ер бусын зүйл байх нь тодорхой. Гэхдээ эрдэмтэд маань ийм уулзалтын боломж гаргахаас илүү олон чухал ажилтай бөгөөд тэдгээр ажлын нэг нь хүнийг мөнх насалдаг болгох явдал, аюулт эдгэшгүй өвчнийг ялан дийлэх зэрэг билээ.