Өвөрхангай аймгийн хоёр суманд улсын төсвийн хөрөнгөөр багийн төвийн нэг давхар хоёр барилгыг нэгийг нь 99 сая, нөгөөг нь 15 сая төгрөгт барьжээ. Гэхдээ барилгын материал болон загвар, хэмжээ нь яг ижилхэн. Мөн тус аймгийн бас нэг суманд 88 сая төгрөгөөр барьсан халуун усны газар нь ашиглалтад ороогүй байхдаа гадна талаасаа хагарч ашиглах боломжгүй болсон зэрэг төсвийн мөнгөнд үрэлгэн хандаж буй жишээг тоочоод байвал олон. Төсвийн мөнгийг энэ мэтээр төсөл хөтөлбөр, тендер, концесс, ЖДҮ, орон нутгийн хөгжлийн сан, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаа, орон нутгийн гадаад болон дотоод зээл, буцалтгүй тусламж зэргээр үрэлгэн зарцуулдаг байдал газар сайгүй байгааг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал орчинд шуугихаас өөрөөр хяналт тавьж хариуцлага тооцож буй зүйл үгүй. Төсөвтөө эзэн болох ёстой иргэд хий хардахаас өөр зүйл хийж чадахгүй байна гэдэг. Гэвч таны татварын мөнгийг хэрхэн үр дүнтэй зарцуулж буйд хяналт тавих Шилэн дансны тухай хуулийг 2014 онд баталсан. Энэ хуулиар иргэд төсвийн хөрөнгөд хяналт тавих үүргийг хуульчилсан байдаг. Үүнийг зарим нь огт мэддэггүй мэддэг ч хэрэгжүүлэхийг хүсэхгүй зарим нь хэрхэн ашиглахаа мэдэхгүй байна.
“Зууны мэдээ” сониноос иргэд төсөвтөө эзэн болох, Шилэн дансны хуулийг өдөр тутмын амьдралдаа хэвшил болгон хянаж чаддаг болгох зорилгоор “Хөвсгөл далайн эзэд”, “Захиргааны шинэ санаачлага” ТББ-уудтай хамтран шилэн дансыг хэрхэн хянадаг талаар мэдлэг мэдээлэл олгох цуврал буланг эхлүүлж байна. Гадаадын зээл, буцалтгүй төслийн хүрээнд иргэдийн амьжиргааг дэмжих зорилготой олон төсөл манайд хэрэгждэг ч үр дүн нь муу зорилтот бүлэгтээ хүрдэггүй, үрэлгэн байдлаар зарцуулдаг гэж ярьсаар ирсэн. Үүний тод жишээ Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар хэрэгжсэн “Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн төсөл юм.
Энэ төсөлд 7.4 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлсэн бөгөөд 2016-2019 онд хэрэгжиж дууссан байна. Төслийн үр дүнд Хөвсгөл аймгийн аялал жуулчлалын бүс нутаг болсон Алаг-Эрдэнэ, Ханх гэх мэт долоон сумын нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлж амьжиргааг дээшлүүлэх юм. Гэтэл төслийн нийт дүнгийн 28 хувийг зөвлөх үйлчилгээнд 21 хувийг орон нутгийн туршилтын санд 16 хувийг огт хуваарилаагүй буюу нөөц санд үлдээсэн. Нийтдээ 52.7 хувь нь төслийг удирдан зохицуулах нэгжийн бичиг хэрэг, тээвэр, холбоо, хог хаягдал, төслийн удирдагч болон зочдын томилолт, эд хогшил, ахуйн хэрэглээнд зарцуулагдсан байна.
Энэ нь нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх, нутгийн иргэдийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэн амьжиргааны түвшинг дээшлүүлэх үндсэн зорилгоо биелүүлэхэд хангалттай хүрэлцэхүйц санхүүгийн эх үүсвэрийг хуваарилж, үр ашигтай зарцуулаагүйн илрэл. 2016, 2017, 2019 оны худалдан авах төлөвлөгөөгөөр батлагдсан бараа, үйлчилгээний төсвийн зарцуулалтыг нийт 158,891.453 төгрөгөөр хэтрүүлсэн зөрчил гаргасан хэмээн тус төслийн үр дүнд мониторинг хийсэн иргэний нийгмийнхэн илрүүлсэн байна.
Долоон тэрбум төгрөг бага мөнгө биш. Хамгийн гол нь буцалтгүй тусламжийн мөнгийг зувчуулсан этгээд нь төрийн түшээд байгаа нь ичгэвтэр. Олон улсын байгууллагын хандиваар өгсөн мөнгөний ард тус аймгаас УИХ-д сонгогдсон УИХ-ын дэд дарга Ч.Энх-амгалан, БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар нар нуугдаж байгаа аж. ЖДҮ-ийн мөнгө идээд зогсохгүй сайхан сэтгэлт гадаадын иргэдийн хандивын мөнгийг зувчуулж байгаа нь арай л хэрээс хэтэрсэн зүйл болж ёс жудаг гэдгийг уландаа гишгэх юу ч биш болсон байна. Тэгэхээр энэ мэтээр иргэд төсвөө хянаж Шилэн дансаа ашиглаж сурахыг хэлээд байна. Уг хуулийн долдугаар зүйлд “Шилэн дансны мэдээллийг энэ хуулийн дагуу иргэн олон нийтэд хүргэх үүргийг төсөвтэй холбоотой аливаа шийдвэр гаргасан, гарын үсэг зурсан эрх бүхий албан тушаалтан хариуцаж мэдээллийг тогтмол мэдээлэх үүргийг хүлээнэ” гэсэн. Харин есдүгээр зүйлийн иргэний хяналт хэсэгт “хуулийн хэрэгжилтийн явц, шилэн дансны мэдээллийн зөрчил, дутагдал болон шаардлагыг байгууллага, албан тушаалтан хүлээн аваагүй бол “Төрийн аудитын байгууллага нь гомдол, мэдээллийн дагуу тодорхой арга хэмжээ авч, үр дүнг тухайн иргэнд бичгээр болон олон нийтэд мэдээлнэ. Иргэн, хуулийн этгээдийн татвар төлөгчийн эрх ашиг зөрчигдсөн гэж үзвэл захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргах эрхтэй” хэмээн хуульчилжээ.
Ц.Мягмарбаяр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин