ЭМЯ: Халдвартай хүний биеэс гарсан бүх шингэнээр дамжиж байна гэх мэдээлэл байна
Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Өнөөдрийн байдлаар манай улсад шинэ коронавирусийн халдвар бүртгэгдээгүй. Гэвч эрсдэл өндөртэй хэвээр байна. Шинж тэмдэг илэрсэн 100 гаруй тохиолдол гарч шинжилгээ өгсөн нь бүгд үгүйсгэгдсэн. Шинэ короновирус ахуйн хавьтал болон агаар дуслын замаар бохирлогдсон өтгөнөөр болон шээс, хөлсөөр дамжиж байгаа гэсэн мэдээлэл байна. Халдвартай хүний биеэс гарсан бүх шингэнээр дамжиж байна гэх мэдээлэл байна. Шинэ коронавирус гадаргуу дээр ес хоног амьдрах чадвартай гэсэн судалгаа ч мөн байна" гэлээ.
Мөн ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа "Манай орны хувь бүх нөхцөл байдлыг тооцоолж, бэлэн байдлаа хангаж ажиллаж байгаа. Хоёр хоногийн өмнө салбар хоорондын байгууллагуудын хийсэн эрсдэлийн түвшин маш өндөр байна. Дархан-Уул, Өвөрхангай, Хөвсгөл, Дорноговь зэрэг долоон аймагт түр хязгаарлалт тогтоох арга хэмжээ авсан. Түр хязгаарлалт тогтоосонтой холбоотойгоор иргэд зүй ёсны шаардлагыг биелүүлэхгүй байх тохиолдол гарч байгаа. Тиймээс иргэд маань хүн амын аюулгүй байдлын асуудал яригдаж байхад хүлээцтэй байх хэрэгтэй байна." гэв.