Балетийн урлагт жинхэнэ эрчүүд байдаг
Долоо хоног бүрийн даваа, лхагва, баасан гаригт та бүхэнд хүрдэг "Саак өнцөг" булангийн шинэ дугаар хүрч байна. Бид энэ удаа балетийн урлаг, тэр дундаа эрэгтэй балетчидийг өөр өнцгөөс харахад тань туслах баримтуудыг хүргэж байна.
1 Балетчин болоход математикийн ухаан хэрэгтэй
МУГЖ, балетчин Х.Мөнгөнхөлөг “Балетчин болоход тооны ухаан хэрэгтэй” хэмээн хэлж байсан юм. Учир нь бүжгийн хөдөлгөөний үсрэлт, эргэлтүүд бүгд геометрийн хууль байдаг. Харин альберт, математик нь тооцоолон бодох, тайзыг хуваарилах, хөгжмийг сонсох гээд балетчин хүнд хэрэгтэй бүх зүйлтэй уялдан холбогддог байна.
2 Балетчин хүн бодит мэт төсөөлж, дүрдээ орох хэрэгтэй
Балетчин хүн жүжигчдээс ялгаатай нь зөвхөн хүний дүрийг бүтээх биш, тайзан дээр амьтны дүр бүтээх тохиолдол олон байдаг. Тиймээс жишээ нь, бүжгэн жүжиг дээр шувууны дүр бүтээхдээ далавчны дэвэлт, толгойны хөдөлгөөн, харц зэрэг бүх зүйлс нь шувуу байх ёстой.
Мөн үсрээд буухдаа тайзан дээр биш, нуурын хөвөөнд, зэгсэнд бууж байна гэж төсөөлж, тэр зэгсэн дотроос хэрхэн гарах, яаж тэр зэгснүүдийн дундуур харах вэ гээд бодитоор төсөөлж хийх нарийн мэдрэмж шаарддаг байна.
3 Балетчин болох хүүхдүүдийг багаас нь шалгаруулж авдаг
Гадаадын орнуудад балетчин болох хүүхдүүдийг маш багаас нь буюу 4,5 насттайгаас нь шалгаруулж авдаг байна. Харин Монголд 10,11 настайгаас нь авдаг. Гэвч 6 настайгаасаа бүжгээр хичээллэж эхлэх нь илүү үр дүнтэй аж.
4 Балетийн урлаг биеийн өв тэгш хөгжилийг шаарддаг
Балетийн урлаг хүнээс биеийн эрүүл чийрэг, өв тэгш хөгжлийг шаарддаг аж. Тиймээс балетчин болох хүүхдийг эхлээд бие бялдарыг нь шалгаж аваад, дараа нь дотоод сэтгэлтэй нь ажилладаг байна.
5 Балетийн урлагт жинхэнэ эрчүүд байдаг
Эрэгтэй балетчин гэхээр эр эм нь мэдэгдэхгүй гэх сөрөг ойлголт хүмүүсийн дунд байдаг. Гэвч үнэн хэрэгтээ балетийн урлагт харин ч жинхэнэ эрчүүд байдаг аж. Учир нь балетчин хүнд маш их тэсвэр, тэвчээр хатуужил хэрэгтэй. Спортын тамирчид ямар их тэвчээр гаргадаг яг л түүнтэй адил.
Нуруу, хөл, гар гэмтэх, эмэгтэй бүжигчнээ өргөхдөө алдаа гаргахгүй байх зэрэг нь тун хэцүү. Тэр байтугай бүжигчин хүний 2 цагийн хөдөлмөр нь уурхайн гүнд 8 цаг ажилласантай тэнцдэг гэж үздэг байна.