Засгийн газар: Цагаан сарын баярыг нийтээр тэмдэглэхгүй байх шийдвэр гаргалаа
Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Тэрээр, “Шинэ төрлийн коронавирусийн аюулаас сэргийлэх зорилгоор Ерөнхийлөгч өнөөдөр зарлиг гаргасан. Энэ дагуу Засгийн газраас уг асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
Үүнтэй холбогдуулан болзошгүй аюулаас сэргийлэх зорилгоор XVII жарны Хотол төгс хэмээн Төмөр хулгана жилийн Цагаан сарын баярыг нийтээр тэмдэглэхгүй байх шийдвэр гаргалаа. Засгийн газар энэ дагуу хуралдаж, коронавирусийн эрсдэлийг бууруулах зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны хоёрдугаар сарын 13-аас буюу маргаашнаас эхлэн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын /хагас/ зэрэгт шилжүүлэх, гамшгаас хамгаалсан өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэнтэй холбогдуулан Улсын онцгой комиссын шийдвэр, Ерөнхийлөгчийн зарлигийг үндэслэн Цагаан сарын баярыг нийтээр тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэсэн заалттай тогтоолыг гаргалаа" гэв.