"Parasite" киног дэлхий дахинд алдаршихад гол үүрэг гүйцэтгэсэн нууцлаг эрхэмтэй танилц!
Оскарын кино наадамд тэргүүн байрын шагнал хүртсэн найруулагч Бон Жун Хогийн "Паразит" киноны англи хадмалыг хийсэн орчуулагчаар ажилласан Дарси Пакует олон нийтийн сайшаалыг хүртсэн юм.
Шүүмжлэгчид дээрх киноны хадмал орчуулгын чанарыг магтаж, "Гадны үзэгчдэд мэдрэх ёстой зүйлийг нь мэдрүүлсэн сайн орчуулга болсон" гэж хэлсэн байна.
БНСУ-д 20 орчим жил амьдарсан Америкийн кино шүүмжлэгч Дарси Пакует нь Солонгосын кино урлагт шүүмжлэгч, багш, зохиолч, орчуулагч, уран сайхны удирдагч, жүжигчин зэрэг олон үүргийг гүйцэтгэдэг болжээ.
Дарси Пакует саяхан "Korea.net" сайтад ярилцлага өгсөн байна. Тэрбээр хадмал орчуулгын урлагийн тухай мэдээ бэлтгэж байгаад талархаад найруулагч Бон Жун Хотой нягт хамтран ажиллаж, сайн төлөвлөлт гарган хадмал орчуулгыг хянахад хангалттай цаг хугацаа зарцуулсны хүчинд маш сайн эцсийн бүтээгдэхүүн гарсан гэжээ.
Ингээд Дарси Пакует Солонгосын кино урлагийн салбарт хэрхэн хөлөө олсон тухай ярилцлагыг бүрэн эхээр нь орчуулан хүргэе:
-Солонгос кино урлагт гараагаа хэрхэн эхэлсэн бэ?
Би Солонгос улсад 1997 онд Солонгосын их сургуульд англи хэл заахаар ирсэн. Тухайн үед кино бол зүгээр л хобби, хэл соёлыг сурах арга зам байв. Тэгтэл "Наймдугаар сарын Зул сарын баяр" (1998 он) нэртэй кино нээлтээ хийсэн нь миний анхаарлыг татсан анхны Солонгос кино байлаа. Харамсалтай нь би Солонгос киноны талаар англи хэл дээр мэдээлэл хайсан ч юу ч гарч ирээгүй. Тиймээс 1999 онд би "Korefilm.org" нэртэй сайтыг нээсэн юм. Гайхалтай нь тэр сайт миний бодож байснаас хамаагүй хурдан томорсон бөгөөд эцэст нь надад Лондонд төвтэй "Screen International", Солонгосын "Film Weekly" зэрэг томоохон сэтгүүлд нийтлэл бичих санал ирсэн. Эдгээрээр дамжуулж Солонгос дахь кино урлагийнхан намайг хэн болохыг олж мэдсэн юм даа.
- Та хэзээ хадмал орчуулга хийж эхэлсэн бэ?
Бараг санаандгүй шахуу. Намайг Солонгосын их сургуульд багшилж байх үед яг зам дагуу байдаг "Солонгосын кино зөвлөл" (KOFIC) хадмал орчуулгууд болон бусад маркетингийн материалыг хянуулах зорилгоор хагас цагийн редактор хайж байсан юм. Нэг найз маань тэр ажлаас татгалзсан учраас би оронд нь орлоо. Ингэж л би эхлэлээ тавьж мөн Бон Жун Хотой танилцсан юм.
Боны эхний бүтээл болох "Хуцдаг нохой хэзээ ч хаздаггүй" кино 2000 онд гарсан бөгөөд кино компани нь өөрөө англи орчуулга хийсэн боловч найруулагчийн сэтгэлд тэр нь хүрээгүй. Бон "Солонгосын кино зөвлөл"-өөс редактор өгөхийг хүссэнд намайг явуулсан. Тэгээд би Бонтой хамт суугаад киног нь үзэнгээ засвар хийсэн. Бон дараа нь орчуулга маань таалагдаж байна цаашид хамтран ажиллах хүсэлтэй байна гэж байсан юм. Тэрбээр "Аллагын тухай дурсамж" нэртэй киноныхоо орчуулгаа надаар хийлгэсэн дээ.
2000-аад оны эхээр би эхнэр эсвэл найз нараараа орчуулгыг нь хийлгээд өөрөө хянадаг байснаа эцэст нь бүгдийг нь өөрөө хийдэг болсон.
- "Паразит"-ын хувьд та Бонтой хамтран хадмал орчуулгын эцсийн хувилбарыг гаргасан. Энэ талаар яриач.
Би хадмал орчуулгыг долоо хоног хагасын турш бичсэн. Бид энэ хооронд мэйлээр харилцаж байсан бөгөөд эцэст нь найруулагч, продюсер, дистрибьютер компанийн хэд хэдэн хүмүүстэй хоёр өдрийн турш уулзалт хийсэн. Тэд бүгд англиар ярьж, саналаа хэлж байлаа. Орчуулгын хүнд хэцүү хэсгүүдийн талаар надад санал бодлоо хэлсэн нь их тус болсон юм.
- Кинон дээр гардаг нэг хоолыг "jjapaguri" гэж дууддаг боловч хадмал орчуулга нь "рамдон" гэж бичигдсэн байдаг. "Jjapaguri" орчуулахад хамгийн хэцүү байсан гэдэг үнэн үү?
Би өөрөө "рамдон" гэдэг үгийг зохиосон. "Jjapaguri" гэдэг үгийг өөр хэлэнд буулгах хэцүү байсан учраас би хэлэхэд арай амар үгээр орлуулахаар шийдсэн юм. Энэ үгийг эхлээд киноны гол дүрүүд хоорондоо утсаар ярьж байх даа ашигладаг. "Рамдон" гэдэг үгийг би "рамён", "удон" гэдэг 2 үгийг нийлүүлсний үндсэн дээр гаргаж ирсэн юм. Үнэндээ "Google" дээр би "Рамдон" гэж бичээд хайсан чинь юу ч гарч ирээгүй. Тийм үг ямар ч хэлэн дээр байдаггүй юм билээ.
- Гадаадын үзэгчид дараа нь "jjapaguri" гэж юу болохыг хайж үзэг гээд тэр хэвээр нь үлдээж болоогүй хэрэг үү?
Үргэлж л ийм маргаан гардаг. Энэ тохиолдолд та Солонгос хэл дээр анхны үгийг оруулбал хүмүүс дараа нь хайж олох боломжтой гэж зарим хүмүүс үздэг. Өмнө нь нэг кинон дээр би "Сөүлийн үндэсний их сургууль" гэснийг зүгээр "Оксфорд" гээд орчуулсан гэх мэт бусад жишээнүүд бий. Би эхлээд "Сөүлийн үндэсний их сургууль" гэж бичих гэж байснаа болиод "Оксфорд"-оор орлуулахаар шийдсэн юм. Учир нь тэр үг орсон өгүүлбэр нь их инээдтэй байсан учраас би өөр хэлтэй хүмүүс шууд ойлгог гээд тэдэнд хамгийн ойр үгээр орлуулсан юм. Хүмүүс мэдэхгүй үг орсон өгүүлбэрийн утгыг ойлгохгүй байх нь түгээмэл үзэгдэл.
- Та тэгвэл яагаад Харвардын оронд Оксфордыг сонгосон юм бэ?
Бон-д Англи улс их таалагддаг. Гэхдээ хамгийн гол нь Харвард гэдэг үг хэтэрхий их хэрэглэгддэг шүү дээ. Оксфорд гэвэл хүмүүст илүү содон байх юм шиг санагдсан л даа.
- Та инээдмийн кинон дээр ажиллах дуртай юу?
Би сайн хийгдсэн инээдмийн кино үзэх хамгийн дуртай. "Паразит" бол сайн хийгдсэн кино шүү дээ. Гэхдээ энэ кино зүгээр нэг инээдмийн киноноос илүү зүйл өгүүлдэг ч олон инээдтэй хэсэг байдаг. Хүмүүсийг инээлгэхийн тулд яг зөв цагт нь зөв үгийг нь байрлуулах шаардлагатай байдаг учраас инээдмийн кино орчуулагчийн хувьд надад хөгжилтэй дасгал болдог.
- Солонгос болон Англи хэл дээр хошигнох арга барилууд өөр байдаг болохоор та яаж зохицуулдаг вэ?
Үйл явдлыг нь хадмалтай нь яг тааруулах хэрэгтэй.
Барууны үзэгчидтэй хамт Солонгос кино үзэж байхдаа хадмал орчуулга ярьж байгаа онигооноос нь зөрөх үед инээлддэггүй, харин яг таарах мөчид инээж байгааг би анзаарсан. Хэлийг нь мэддэггүй ч гэсэн үйл явдал нь хадмалтайгаа таарч байвал хэн ч гэсэн ойлгоод инээдэг юм байна гэдгийг би тэр үед мэдэж авсан юм.
- Та Бон Жун Хогоос гадна өөр бусад алдартай найруулагчдын кинонд хадмал орчуулга хийсэн. Тэдний аль нь мэдэгдэхүйц өөр арга барил шаардсан бэ?
Паг Чан-үг давхар утгатай зохиол бичих дуртай учраас түүнтэй хамтарч ажиллах нь мартагдашгүй хэрэг байсан. Түүний бүх кинон дээр гардаг харилцан ярианууд үнэхээр өвөрмөц. Парк 1960-аад оны найруулагч Ким Ки-ёныг шүтдэг гэж өөрөө хэлж байсан. Ким Ки-ён этгээд хэрнээ яруу тод утгатай үг хэллэг хэрэглэдэг бөгөөд Парк ч түүнтэй төстэй зүйлийг хийхийг хичээдэг. Бусад найруулагчид бодит мэт харилцан яриа бичихийг боддог. Харин Паркын бичсэн харилцан яриа бага зэрэг хиймэл мэт мэт боловч үнэхээр яруу тод утгыг илэрхийлж чаддаг юм.
- Паг Чан-үгийн сэтгэлзүйн триллер болох "Шивэгчин"-д хийсэн хадмал орчуулгандаа та сэтгэл хангалуун байсан уу?
Надад ерөнхийдөө таалагдсан. Киноны зураглал өөрөө маш үзэсгэлэнтэй байсны дээр Парк өөрөө киноны хэмнэл болоод өрнөлийг бүрэн удирдах чадалтай найруулагч юм. Миний хийсэн хадмал орчуулгыг кинотойгоо тийм сайн хослуулж чадсан нь сэтгэлийг минь их хөдөлгөсөн л дөө.
-Та жүжиглэхээс гадна кино зохиол бичиж, продюсер хийх төлөвлөгөөтэй байгаа гэсэн. Удахгүй бэлэн болох төсөл байгаа юу?
Кино урлагийн талаар маш их ярьж, бичиж, зааж, тайлбарласны эцэст өөрөө яг дунд нь орох сайхан байна.
Би дэлгэцийн бүтээлийн зохиол бичих юм уу продюсер хийх бодолтой байгаа. Надад санасан хэд хэдэн төсөл байгаа ч тэдгээр дээр анхаарлаа төвлөрүүлэх цаг зав олдохгүй байна. Нэг юм уу хоёр жилийн дараа бага ч гэсэн ахиц гаргах болов уу гэж найдаж байна.
- Том найруулагчдын бүтээлд хадмал орчуулга хийхийг хүсдэг хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ?
Орчуулга хийнэ гэдэг чухал зүйл учраас хэцүү. Дээрээс нь цалин их биш. Орчуулсан зохиол эх хувилбартайгаа адилхан байж чаддаггүй учраас төгс бүтээл гарна гэж байхгүй. Хамгийн том бэрхшээл бол хураангуй хэлбэрээр бичих явдал юм. Анх хийж байгаа хүмүүст энэ нь нүсэр ажил шиг санагдаж байж болох ч аажимдаа амархан болоод ирнэ.
Aмьдралынхаа туршид олон зүйл уншиж, хэлний мэдлэгээ хөгжүүлэх хэрэгтэй. Мөн тухайн хэлээр ярьж байгаа хүмүүсийг аль болох их сонсоорой.
Хэрэв ажил олоход хэцүү байгаа бол богино хэмжээний кино хийдэг бие даасан кино найруулагчид маш олон байдгийг санах хэрэгтэй. Хэрэв та тэдгээрийн аль нэгтэй холбоо барьж туршлага хуримтлуулж чадвал дараа нь том төслүүд рүү шилжих боломжтой болно.