Бээжин. /Жэнминь Жибао/. “Сүүлийн үед Үхань хот маш хүнд хэцүү үеийг даван туулж байна. Эмнэлгийн ажилчид коронавирустай хамгийн түрүүнд нүүр тулан тэмцэж байна. Халдвар авагсдын тоо улам нэмэгдэж эмнэлгийнхэнд тусламж хэрэгтэй байгааг мэдээд сэтгэл ихэд өвдлөө” гэж Бээжин дэх нэгэн олон улсын сургуульд суралцдаг Монгол Улсаас ирсэн бяцхан сурагч хятад эмч нарт бичсэн захидалдаа дурджээ.
Тэрбээр энэ жил 10 настай, түүний эцэг эх нь Хятад улсад ажилладаг тул тэднийгээ даган Бээжинд суралцах болжээ. Захидалд “Хэдийгээр би дөнгөж 10 настай, их зүйлээр тусалж чадахгүй ч өөрийн чадах бүхнээ хийх болно” гэсэн байна. Түүний ээж ярихдаа, манай охин өөрийн цуглуулсан мөнгөөр Ши Ан хот явж аялна гэж төлөвлөж байсан ч энэхүү аюулт өвчин гарсныг дуулаад цуглуулсан мөнгөнөөсөө 999 юанийг авч, Бээжин, Тяньжин, Хөнан зэрэг 3 хот, мужид тус бүр 333 юанийг сайн дураар хандивласан. Яагаад заавал 333 юань хандивлах болсон талаар асуухад “333” гэх тоо нь “сарнин алга болох” гэсэн утгатай. Аюулт вирус хурдан сарниж алга болоосой хэмээн бэлгэдэж энэ тоог сонгосон юм хэмээн тайлбарласан, охиныгоо ийнхүү сайхан сэтгэл гаргасанд бахархаж байна гэв.
Захидалд “Би олон улсын сургуульд сурч байгаа тул надад олон орноос ирсэн найз нар бий. Тиймээс бид бүгд нэгэн их гэр бүл гэдгийг багаасаа ойлгож мэдсэн. Зовлон бэрхшээлд хил хязгаар гэж байхгүй, иймээс хамтдаа даван туулах хэрэгтэй” гэжээ.
Түүний захидлын сүүлчийн хэсэг бүх хүмүүсийн сэтгэлийн дуу хоолойг илэрхийлжээ. “Ард иргэдийн төлөө амь бие үл хайхран тэмцэж буй эмнэлгийн ажилчдад “маш их баярлалаа” гэж хэлэхийг хүсч байна. Та нар хамгийн мундаг нь, зовлон үтэр түргэн өнгөрнө гэдэгт бат итгэж байна. Хятад улсын бэлгэдэлт амьтан болох “панда”-г “хүсэл эрмэлзэл” гэх үгэнд ордог “пан” ханзаар, “дамжуулан түгээх” гэх утгатай үгэнд ордог “da” гэдэг ханзаар бас бичиж болох юм. Өөрөөр хэлбэл, бид бүхний эрүүл энхийн ерөөлийг Үхань руу дамжуулахыг хүсч байна” гэжээ.
Ш.Батболд
Эх сурвалж: Монцамэ агентлаг