Филиппиний ерөнхийлөгч АНУ-тай байгуулсан батлан хамгаалахын гэрээгээ цуцална гэв
Ирэх сард эхлэх эхлэх АНУ, Филиппиний хамтарсан цэргийн сургуулилт нь тус 2 орны хувьд хамтран зохион байгуулж байгаа сүүлчийн цэргийн ажиллагаа болох болно хэмээн Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте хэлжээ.
“Филиппиний аюулгүй байдлын талаарх гэрээ хэлэлцээрүүдийг бид хүндэтгэх болно. Гэхдээ АНУ болон БНХАУ-ын хооронд үүсээд буй маргаанд оролцохоос зайлсхийхийн тулд Өмнөд Хятадын тэнгист АНУ-тай хамтран эргүүл хийх ажиллагаанд манай тал оролцохгүй. Бид улсынхаа аюулгүй байдлыг хангах үүднээс бид АНУ-тай батлан хамгаалахын хүрээнд хамтран ажилласаар ирсэн. Гэвч АНУ болон Хятадын хооронд үүсээд буй маргаанд бид оролцохгүйн тулд Америктай байгуулсан батлан хамгаалахын гэрээг цуцлахаас өөр аргагүйд хүрээд байна” гэж тэрбээр мэдэгджээ.
АНУ-Филиппиний цэргийн хамтарсан сургуулилт ирэх сарын 4-нд эхлэх юм. Уг сургуулилт 9 өдөр үргэлжлэх бөгөөд Филиппиний хамгийн том арал болох Лусоны хойд хэсэгт болох ажээ.