Францын Парис хотноо болсон “Их дуулга” тэмцээнээс Монголын жүдочид таван медаль хүртлээ. Чансаа, хүрээгээрээ дээгүүр тооцогддог тус тэмцээнд 115 орны 680 жүдоч хүч чадал, ур мэхээ сорин өрсөлдсөн юм.
Эмэгтэйчүүдийн 57 кг-д хүч сорьсон олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга Д.Сумъяа мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр аваргын төлөөх барилдаанд ДАШТ-ий алт, хүрэл медальт, Канадын жүдоч Криста Дегучид ялагдсан юм.
Түүнчлэн эмэгтэйчүүдийн 48 кг-д дэлхийн аварга М.Уранцэцэг, эрэгтэйчүүдийн 60 кг-д Гавьяат тамирчин Д.Амартүвшин, 66 кг-д ОУХМ Ё.Басхүү, 73 кг-д ОУХМ Ц.Цогтбаатар нар хүрэл медаль хүртсэн.
ДАШТ-ий алт, хошой хүрэл медальт Д.Сумъяа хагас шигшээд олимпын хүрэл медальт, ДАШТ-ий дөрвөн мөнгө, нэг хүрэл медальт, Португалийн бөх Тельма Монтеруг өвдөг шороодуулсан юм.