Казахстан Улс энэ онд Алтан Ордны Улсын 750 жилийн ойг тэмдэглэнэ
Монгол Улсын Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жалгас Адылбаевыг өнөөдөр (2020.02.06) хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсад туршлагатай дипломатч Элчин сайдаар томилогдон ажиллаж байгаад баяртай буйгаа илэрхийлэв.
Элчин сайд Жалгас Адылбаев 25 жилийн дараа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийсэн албан ёсны айлчлал хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болсон. Айлчлалын үеэр хэлэлцэн тохиролцсон гэрээ, хэлэлцээрт тусгасан асуудлыг бодит ажил хэрэг болгох чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаа. Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын ээлжит VIII хуралдааныг 2020 оны 4 дүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсон. Мөн БНКазУ-ын Ерөнхий сайд А.У.Мамин 5 дугаар сард Монгол Улсад айлчлахаар төлөвлөж байгаа бол Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ онд тус улсад айлчлах талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Түүнчлэн тэрбээр ирэх 7 дугаар сарын 05-ны өдөр Нур-Султан хотноо болох “Бүгд Найрамдах Казахстан Улсын Анхны Ерөнхийлөгч – Елбасы Н.А.Назарбаевын манлайлал” сэдэвт олон улсын бага хуралд Монгол Улсаас өндөр, дээд түвшинд оролцоход дэмжлэг үзүүлэхийг УИХ-ын даргаас хүсэв.
УИХ-ын дарга Г.Занданшатар хоёр талын өндөр, дээд хэмжээний харилцан айлчлалуудыг тогтмолжуулж, эдийн засаг, худалдаа, аялал жуулчлал, соёл, хүмүүнлэгийн салбарыг хөгжүүлэх чиглэлээр анхаарах хэрэгтэй гэдэгт санал нэг байгаагаа илэрхийлээд парламентын зүгээс бүхий л талаар дэмжин ажиллана гэв.
Элчин сайд Жалгас Адылбаев Казахстан Улс Абай Кунанбаевын 175 жилийн ой, Алтан Ордны 750 жилийн ойн баярыг тус тус тэмдэглэх гэж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатарт дуулгаад Монголын ард түмэнд удахгүй болох сар шинийн баярын мэнд дэвшүүлэв.