Казахстанд үндэстний цөөнхийн мөргөлдөөн болж найман хүн амиа алджээ
Орон нутгийн цагаар баасан гарагийн 20:00 цагт Казахстан улсын Масанчи тосгонд үндэстний цөөнх хоорондын мөргөлдөөн болж найман хүн амиа алдсан тухай Казахстан улсын Дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Киргизстан улстай хиллэдэг Масанчи тосгонд Дунган угсааны хүмүүс ихээр амьдардаг бөгөөд Казах үндэстний хооронд маргаан дагуулсаар ирсэн юм. 19 дүгээр зууны дунд үеэс БНХАУ-аас цагаачилж ирсэн Дунган үндэстэн нь Масанчи тосгонд 7000 гаруй байдаг аж.
Казахстан улсын Дотоод хэргийн яамны мэдээллээр өчигдөр 70 гаруй хүнийг уг хэрэгт холбогдуулан баривчилжээ. Мөргөлдөөний үеэр 30 орчим сууц, 15 худалдааны объект сүйдсэн байна.
Казахстаны Ерөнхийлөгч дээрх үйл явдлыг улс орны нэгдмэл байдлыг алдагдуулж, тусгаар тогтнолд заналхийлсэн ноцтой үйлдэл гэж шүүмжилсэн байна.
Улмаар тэр даруй зарлиг гаргаж Ерөнхий сайд Бердибек Сапарбаеваар ахлуулсан тусгай комисс байгуулан мөргөлдөөний учир шалтгааныг тодруулахаар болжээ.