Монголбанк: 2006 оны 20 мянгатын дэвсгэртийг гүйлгээнээс татна
Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар 2006 онд үйлдвэрлэгдсэн 20,000-тын дэвсгэртүүдийг 2020 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн гүйлгээнээс татахаар боллоо. 2006 оны энэхүү дэвсгэрт нь олон нийтэд зориулсан түвшний хамгаалалтын элемент хангалтгүй байдгаас уг дэвсгэртийг ихэвчлэн хуурамчаар үйлдэж байна. Иймээс 2020 оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн уг дэвсгэртээр төлбөр тооцоо хийхийг зогсоож буй бөгөөд иргэд уг дэвсгэртийг 2022 оны гуравдугаар сарын 1-ний өдөр хүртэл хоёр жилийн хугацаанд банкуудад болон Монголбанкинд хандан шинэ дэвсгэртээр чөлөөтэй солиулж болно.
2006 оны 20,000 төгрөгийн дэвсгэрт нь ямар нэгэн цонхгүй, туузгүй, ар талын зүүн доод буланд 2006 гэсэн тоотой байх бөгөөд хуурамч бус ийм тэмдэгт эзэмшиж буй этгээд 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд солиулж авах эрхтэй.
Шинэчилсэн хамгаалалтын элемент бүхий мөнгөн тэмдэгтүүдийг гүйлгээнд гаргана
Монголбанк нөөцийг нь дахин бүрдүүлэх шаардлагатай болсон 50, 20000 төгрөгийн дэвсгэртүүдэд орчин үеийн технологи бүхий хамгаалалтын шинэ элементүүдийг оруулан шинэчлэн сайжруулж, гүйлгээнд гаргахаар боллоо.
Шинэчилсэн хамгаалалтын элементүүд нь иргэд хуурамч дэвсгэртээс төвөггүй ялгаж, таних боломжтой байх бөгөөд 3 хэмжээст, микро оптик, хөдөлгөөнт гадаргуутай тууз болон 3 хэмжээст өнгө нь хувирагч элемент, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан товгор таних тэмдэг зэргийг дурдаж болно. Шинэ 20,000 төгрөгийн дэвсгэрт нь түүхэн болон үндэсний уламжлалт хэв маягийг хамгийн сүүлийн үеийн технологитой төгс хослуулснаараа онцлог юм.
Шинэчлэн сайжруулсан 50-т болон 20000 төгрөгийн мөнгөн дэвсгэртүүдийг хоёрдугаар сарын 10-наас эхлэн банкуудад гаргаж, банкууд харилцагчдадаа олгох замаар гүйлгээнд гаргана.
Монголбанк нь үндэсний мөнгөн тэмдэгтийн зохистой бүтцийг хангаж, нөөцийг дахин бүрдүүлэх, хадгалах, тээвэрлэх үндсэн үүргээ хэрэгжүүлэхийн зэрэгцээ мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдэх явдалтай тэмцэхэд анхаарал хандуулж, үндэсний мөнгөн тэмдэгтүүдийн хамгаалалтын элементийг сайжруулж, шинэчлэхэд анхаарал хандуулан ажиллаж байна.