Эрүүгийн хэрэгтнүүд 200 гаруй иргэнийг турхиран уурхай руу дайрчээ
Төв аймгийн Сүмбэр сумын Жавхлант багийн нутаг Баруун Тахилт гэх газарт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Альтаир гоулд” ХХК-ний уурхай бий. Тодруулбал, хуулийн хүрээнд МV-020838 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайтай.
Өвөл болсон учир уг уурхайн үйл ажиллагаа зогсож, хамгаалалтын ажилтнууд, тогооч зэрэг цөөн хүмүүс уурхайн кемп дээрээ ажиллаж байгаа юм байна. Үүнийг далимдуулан уг уурхай руу хэд хэдэн удаа дайралт ирж, хүмүүсийн эрүүл мэндэд хохирол учруулжээ.
Тодруулбал, өнгөрсөн нэгдүгээр сарын 30, 31-ний шөнө 70-80 автомашинаар 200-300 орчим хүн дайрч, уурхайн бүс рүү нэвтрэн, портер машинаар болон шуудайгаар шороог нь дээрэмдэн авч гарсан байна. Ингэхдээ хүрз, лом, жоотуугаар зэвсэглэн хамгаалалтын 10 гаруй ажилтныг гэмтээн, хөөж гаргасан байна.
Харин 31-ний шөнө дайрах үеэрээ тус уурхайн хамгаалалтын албаны дарга Н.Ганболдыг хоёр удаа хутгалсан байна. Хохирогчийн биеийн байдал хүнд Цэргийн төв госпиталд хүргэгдэн ирж, хагалгаанд ороод байгаа юм байна. Мөн өөр нэг хамгаалалтын ажилтны хоёр шүдийг хугалсан, хацрыг нь хүрзээр сэтэлсэн зэргээр гэмтээжээ.
Дайралт болсон эхний өдөр буюу 30-ны шөнө Төв аймгийн Сүмбэр сумын цагдаад дуудлага өгсөн. 31-ний шөнө ч сумын цагдаа болон аймгийн цагдаагийн газар луу дуудлага өгөхөд Төв аймгийн Цагдаагийн газраас “Өнөөдөр очиж амжихгүй” гэсэн хариулт өгч, сумын хоёр цагдаа ирсэн байна. Гэвч уурхай руу дайрч байгаа 200 гаруй иргэний өмнөөс хамгаалалтын 20 орчим ажилтан, цагдаагийн хоёр алба хаагч хүчин мөхөстөж, ийнхүү хамгаалалтын ажилтнууд эрүүл мэндээрээ хохирсон байна. Харин аймгийн цагдаад дуудлага өгснөөс хоёр хоногийн дараа аймгийн цагдаагийн газраас бүрэлдэхүүн ирж, уурхайд шалгалт хийгээд явжээ.
Бидэнд байгаа баттай мэдээллээр, тухайн дайралтыг зохион байгуулж байгаа хүмүүс нь эрүүгийн элементүүд гэгддэг Маам хочит Эрдэнэбаатар, Хар Зулаа, Бөөс Цогоо гэх этгээдүүд аж. Тэд хамгийн сүүлийн үеийн том оврын жийп автомашинууд хөлөглөн, иргэдийг турхирч, уурхай руу дайрч байгаа мэдээлэл байна.
Хууль журмын дагуу лиценз эзэмшсэн уурхай руу ийнхүү эрүүгийн элементүүд иргэдийг турхиран, зэвсэг ашиглан дайрч байхад цагдаагийн байгууллага яагаад дуудлага өгсөн даруйд очдоггүй, сумын цагдаагийн хоёрхон алба хаагч очоод хүчин мөхөстөөд иргэнийг хутгалуулахыг нь хараад байж байдаг нь сонин.
Тэгвэл, Энэ талаарх мэдээллийг ЦЕГ аваагүй байна уу, гэвэл бас тийм биш. Учир нь ЦЕГ-ын албан ёсны цахим хуудсанд энэ талаарх мэдээлэл бичигдсэн байна. Гэхдээ, “уурхай руу дайрсан иргэдийн техник хэрэгслийг хурааж, тараалаа” гэдэг байдлаар бичигджээ. Тэгээд ч энэ үйл явдал нь нэгдүгээр сарын 10-14-ний өдрүүдийн үйл явдал бөгөөд 30, 31-ний өдрүүдийн дайралт, иргэн хутгалуулж хохирсон зэрэг мэдээлэл байхгүй байна.
Эх сурвалж: ЦЕГ