Коронавирусийн мэдээллийг анх задруулж байсан эмч халдварын улмаас нас баржээ
Коронавирусийн халдвар гарсан эхний өдрүүдэд түүний талаар олон нийтэд сэдэгдэхийн тулд анх сэрэмжлүүлж байсан Уханий төв эмнэлгийн нүдний эмч Ли Вэнлянь халдварын улмаас амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Лигийн биеийн байдлын талаар удтал нууцалж байсны эцэст түүний хэвтэн эмчлүүлж байсан эмнэлэгийн удирдлага нас барсан болохыг нь баталсан байна.
Өнгөрсөн оны 12-р сард анх дэгдэж эхэлсэн сэжиг бүхий өвчний талаар тэрбээр олон нийтийн сүлжээгээр дамжуулан хүмүүст мэдэгдэхийг оролдсон байдаг. Түүний гаргасан сэрэмжлүүлэгт Ухань хот дахь амьтны, тэр дундаа далайн бүтээгдэхүүний зах дээрээс SARS-тай ижил маш хүнд хэлбэрийн уушгины хатгалгаа төрлийн өвчин илэрсэн болохыг дурдсан байдаг.
Харамсалтай нь эрх баригчид Лигийн анхааруулгыг огт тоогоогүйн дээр түүнийг худал мэдээлэл тарааж эмх замбраагүй байдал үүсгэхийг оролдсон хэргээр байцаалтанд оруулж байжээ. Хатуу сануулга авсаны эцэст эрх чөлөөтэй болсон Ли эмч эргэн ажилдаа ороод байсан ч удалгүй коронавиурсийн шинж тэмдэг илэрч эхэлсэн байна. Хятадын эрх баригчид энэ талаар нууцлахыг оролдсон боловч халдвар авсна хүний тоо огцом нэмэгдсэн учраас энэ оны 1-р сард коронавирусийн талаар зарлахаас өөр аргагүй болсон юм.