Коронавирусээс хурдан тархаж буй “аюулт вирус”
Долоо хоног бүрийн даваа, лхагва, баасан гаригт та бүхэнд хүрдэг "Саак өнцөг" булангийн шинэ дугаар хүрч байна.
Коронавирус арьс салст, амьсгалын замаар дамждаг бол энэ вирус нийгмийн сүлжээгээр нэг хаягаас нөгөө хаяг руу түгээгдэх, уншигдах замаар дамжина. Та коронавирусаас сэргийлэхийн тулд амны хаалт зүүж, дархлаагаа сайжруулах ёстой бол энэ вирусын эсрэг тархиа цэнэглэж, мэдлэгээ тэлж байж аюулт мэдээллийг шүүх “дархлаатай” болно.
Урьдчилан сэргийлэх өөр нэгэн алхам бол вирусын голомтоос холдох. Коронавирусын голомт нь Ухуань хот. Тэгвэл энэхүү хуурамч мэдээлэл гэх вирусын голомт нь зориудаар түүнийг үйлдвэрлэж, түгээж буй фейсбүүк групп, хуудас, вэбсайтууд.
Вирусын халдвартай хүнтэй ойр байх нь аюултай гэдгийг мэддэг хэрнээ бүр вирусын голомтод нь очоод суучихдаг нь Монголчуудын зан юм уу гэлтэй. Тухайлбал, МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн багш, оюутнуудын судалгаагаар хамгийн их хуурамч мэдээ үйлдвэрлэж, түгээж байгаа нь тогтоогдсон фейсбүүк группүүд болох “Монголоо Mongoloo”, “Жиргээ мэдээ” зэрэг “вирусын голомтуудад” Монголчууд 300, 400 мянгаараа байна.
Та “Энэ их вирустай үед юу гэж найзын хүсэлт авах вэ дээ” гэсэн наргиа уншсан уу. Түүнтэй адил интернэт сүлжээгээр тархаж буй энэ их вирусын үед вирусыг тээгч, дамжуулагч, хэрвээ таньж чадвал үйлдвэрлэгчдээс нэн тэргүүнд зайгаа барихыг бодоорой.
Коронавирус байгалийнх уу, зориудынх уу? Магадгүй биологийн зэвсэг үү? гэсэн хардлага дэлхий дахинд бий болоод байна. Тэгвэл хуурамч мэдээ зүгээр л нийгэмд гарч буй санамсаргүй зүйл үү, эсвэл улс төрийн зэвсэг үү? гэдэг талаар та бодож үзсэн үү? Дээр дурьдсан МУИС-ийн сэтгүүл зүйн тэнхимийн багш, оюутнуудын хийсэн судалгааны дүгнэлтэд:
- Фейсбүк хуудаст түгээгдсэн хуурамч мэдээллүүд нь тухайн хуудсын дагагчийн тоог өсгөх зорилгыг ихэнхдээ агуулжээ.
- Харин хамгийн их хуурамч мэдээ түгээгдсэн суваг болох фейсбүүк группүүд “олон нийтийн санаа бодолд тогтмол нөлөөлөх, тэдний сонголтыг өөрчлөх зорилго агуулж буйтай холбоотой” гэж үзсэн байна.
Коронавирус дэгдсэнээс хойш дэлхий даяар халдвар авсан хүний тоо хоёр сарын дотор 280,000-д хүрчээ. Тэгвэл Монголд “хуурамч мэдээний вирус” нийгмийн сүлжээгээр тархахдаа гурван сарын хугацаанд хамгийн багадаа 222,000 хүнд түгээгдэн хүрсэн байна. Манайх шиг цөөн хүн амтай улсын хувьд энэ тоо аюултай тоо гэдгийг хэн хүнгүй гадарлах биз.
Саяхан Хятадуудыг юу ч хамаагүй иддэгээсээ болж аюулт өвчин гаргалаа хэмээн буруутгаад байсан. Тэгвэл Монголчууд бид юунд ч хамаагүй итгэдэгээсээ болж ямар аюулд хүрэх бол?
Мэдээлэлд шүүлтүүртэй хандъя.
Хуурамч мэдээг хэрхэн таних вэ?
- "Шуурхай, цааш түгээ" зэрэг өдөөн хатгасан шинжтэй
- Айдас, жигшүүр төрүүлэм эсвэл хэт уянгын зэрэг сэтгэл хөдлөлд хүчтэй нөлөөлөх шидтэй
- Эх сурвалж нь тодорхойгүй, баримт нотолгоогүй, үзэл бодлын шинжтэй
- Гарчиг эх бичвэр зөрчилдсөн, бичвэр нь үг үсэг, найруулга зүйн алдаатай
- Эх үүсвэр нь мэргэжлийн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага биш, хуурамч хаяг бүхий хувь хүн байх зэрэг шинжээр таньж болно.