"Мэдрэгч огт дуугарахгүй", "Дуугараад унтрахгүй байна" гэх дуудлага ирдэг
Сайжруулсан түлш болон цаг үеийн бусад асуудлаар НОБГ НМХГ Агаарын бохирдолтой тэмцэх газар, Эрүүл мэндийн газраас мэдээлэл хийлээ.
Өнгөрсөн гурав хоногийн хугацаанд Хордлогын яаралтай түргэн тусламжийн төвд 14 өрхөөс угаарын хийд хордсон гэх тайлбартайгаар 31 иргэн, /8 хүүхэд 23 том хүн/ хандаж эмнэлгийн тусламж үйлчилгээ, зөвлөмж зөвлөгөө авчээ. Эмнэлэгт нэг иргэн хэвтэн эмчлүүлж байна.
Угаарын хийн дуудлагын ихэнх хувь нь СХД, БЗД-ийн өрхөөс ирсэн байна. Эдгээр нь гэр хорооллын айл өрх ихтэй дүүргүүд юм. Нэгдүгээр сараас хойш угаарын хийн хордлогын шалтгаан нөхцлийг судалж үзэхэд:
Пийшин зуухны сойлтыг хаагаад унтсан.
Ханан пийшин эвдэрсэн
Зуух, яндангийн холбоос завсартай
Яндан маш их хөө тортогтой
Хэт нам яндантай зэрэг тохиолдол зонхилсон байна. Мөн таван ханатай гэрээс илүүтэй байшинд амьдардаг айл өрхүүд угаарын хийд өртсөн тохиолдол илүүтэй бүртгэгджээ.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт байрлаж буй штабд угаарын хийн мэдрэгчтэй холбоотой маш олон дуудлага мэдээлэл ирдэг аж. Иргэд "Мэдрэгч огт дуугарахгүй", "Дуугараад унтрахгүй байна" гэх дуудлага өгдөг байна. Иймд иргэд, олон нийт мэдрэгчийн хамт өгсөн гарын авлагатай сайтар танилцахыг зөвлөлөө.