Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Дархан, Өвөрхангай чиглэлд зорчигч урсгал ачаалалтай байна
Автотээврийн үндэсний төвөөс шинэ коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор орон нутгийн зарим чиглэлүүдэд тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан тээврийн хэрэгслүүдийг нэмэлтээр төлөвлөн тээвэрлэлтийн үйл ажиллагааг хэвийн зохион байгуулан ажиллаж байна.
Мөн зорчигч тээврийн төвүүд болох Драгон, Тэнгэр, Лавай авто вокзалууддаа ариутгал, халдваргүйжүүлэлт хийж, мэргэжлийн эмчээр жолооч болон зорчигчийн биеийн байдалд хяналт тавьж, анхан шатны тусламж, үйлчилгээг үзүүлж эхэлжээ.
Ингэхдээ зорчигч тээврийн төвүүдийн зарлагчаар сэрэмжлүүлэг хүргэж, зарлан мэдээлэх, зөвлөмж хүргэх, гар ариутгах, амны хаалт зүүх шаардлагыг тавьж, биеийн халууныг шалгаж байгаа юм байна. Тус үйлдвэрийн газраас даатгалын компаниудтайгаа хамтран, нийгмийн хариуцлагын хүрээнд зорчигчдод үнэгүй амны хаалт тарааж, халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг өчигдөр зохион байгууллаа.
Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Дархан, Өвөрхангай чиглэлүүдэд зорчигч урсгал илүү ачаалалтай байгаа талаар албаныхан мэдээлж байна.
Хот хооронд өдөрт 76 чиглэлд дунджаар 4,000-5,000 орчим зорчигч үйлчлүүлдэг бол зорчигч урсгал, ачаалал ихтэй эдгээр өдрүүдэд зөвхөн Улаанбаатараас орон нутаг чиглэсэн зорчигч урсгалын тоо 6,000 гаруй болж өссөн талаар Автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ.
Их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хязгаарласантай холбоотойгоор зорчигч урсгал нэмэгдсэн хэдий ч өнөөдрийн байдлаар харьцангуй ачаалал багасаж, тээвэрлэлтийн үйл ажиллагаа хэвийн хэмжээнд хүрсэн хэдий ч ирэх сараас орон нутгаас нийслэлийг чиглэсэн хөдөлгөөн ихсэх тул эдгээр өдрүүдэд мөн нэмэлтээр тээврийн хэрэгсэл төлөвлөж, бэлэн байдалд ажиллана гэдгийг албаныхан хэллээ.