Зорчигч тээврийн “Boeing 737” онгоц Истанбулд газардах үедээ хоёр хуваагдан осолджээ
Өчигдөр орой Туркийн Истанбул хотын нисэх буудалд газардах гэж байсан "Boeing 737" онгоц сүйрсэн байна. Тус онгоцонд нийт 179 хүн зорчиж явсан бөгөөд одоогийн байдлаар нас барсан болоод бэртсэн хүмүүсийн тоо тодорхойгүй байна.
Туркийн эрүүл мэндийн яамны сайд Фахреттин Кожуг "Дор хаяж 157 хүн гэмтэж бэртсэн байх боломжтой. 179 зорчигчийн 20 гаруй нь гадаадын иргэд байсныг бид тогтоосон. Ослын дүгнэлт хийж дуусмагц бид цааш нь мэдээлэх болно" гэж хэлсэн байна.
Тус онгоц нь Туркийн “Pegasus” агаарын тээврийн компанийн эзэмшилд байдаг бөгөөд Измир хотоос Истанбул руу дотоодын нислэг үйлдэж байжээ. Онгоц маш хүчтэй газардаж, хөөрөх-буух зурвасыг давж гаран дундуураа хуваагдаад дараа нь шатсан байна. Гал сөнөөгчид цаг алдалгүй ирсний хүчинд галыг түргэн хугацаанд унтраасан аж.
Энэхүү ослын дараа Истанбул хотын нисэх буудлын үйл ажиллагааг түр зогсоож, бүх нислэгүүдийг хойшлуулжээ.