Зам, тээврийн хөгжлийн яамны байранд 2018 оны наймдугаар сарын 9-ний өдөр хүн амины хэрэг гарч, ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн амь насаа алдсан хэрэгт Б.Махбалыг жил гаруй хугацаанд шалгаж буй. Уг хэрэг өдгөө мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа юм.
Хуульд заасны дагуу Б.Махбалд холбогдох хүн амины хэргийг нэг жил зургаан сарын хугацаанд шүүхээр дэнсэлж, ял шийтгэл оногдуулж чадаагүй учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 14.10.2-т заасныг баримтлан түүнийг ийнхүү суллах гэж байна гэх мэдээлэл гарсан. Харин үүнийг Улсын ерөнхий прокурорын газраас үгүйсгэжээ.
Үүнээс гадна талийгаач Т.Гомбосүрэнгийн гэр бүлийнхэн “Хэрэг анхан шатны шүүхээс мөрдөн байцаалтад буцсан. Б.Махбал суллагдах учиргүй. Надад түүнийг суллах шийдвэр гаргасан талаар танилцуулаагүй. Б.Махбал зориуд ташаа мэдээлэл тарааж байж болзошгүй” гэх тайлбарыг хэвлэлд өгчээ.