Дархан-Уул аймагт коронавирусийн нэг сэжигтэй тохиолдол илэрч, тусгаарлажээ
Манай улсад шинэ коронавирусийн халдвар гарах эрсдэл өндөр байна. Тиймээс шинэ төрлийн коронавирусийн халдвар гарсан орнуудад зорчихгүй байхыг бид зөвлөсөөр байгаа. Гэтэл өвчлөл гарсан оронд зорчоод ирсэн Дархан-Уул аймгийн иргэн халуурах шинж тэмдэг илэрчээ. Тухайн иргэн өөрийгөө тусгаарлаж, эрүүл мэндийн байгууллагад хандсан байна.
Энэ талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү "Хоёрдугаар сарын 4-нд буюу өчигдөр Дархан-Уул аймагт нэг сэжигтэй тохиолдол илэрсэн тул тусгаарлагдан тандалт судалгаа, шинжилгээ, эмчийн хяналтад байгаа. Уг иргэн нь нэгдүгээр сарын 30-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирж, Дархан-Уул аймагт очсон байсан.
Мөн 2020 оны хоёрдугаар сарын 4-ний 23:00 цагт Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор зорчиж ирсэн хүмүүсээс сэжигтэй хоёр тохиолдол илэрч, тусгаарлагдан шинжилгээнд хамрагдаж, эмчийн хяналтад орсон. Хариу нь маргааш гарна" гэлээ.