Шинэ нэртэй хуучин Монгол
Долоо хоног бүрийн даваа, лхагва, баасан гаригт та бүхэнд хүрдэг "Саак өнцөг" булангийн шинэ дугаар хүрч байна. Бид энэ удаа 1990 оны нийгмийн өөрчлөлтийн дараа ч Монголчууд сэтгэлгээ, гүйцэтгэлийн хувьд хэрхэн хуучин хэвээрээ үлдсэн талаарх асуудлыг хөндлөө.
Монголын түүхийн үечлэлд ардчилсан хувьсгал ялсан 1990 оноос өнөөг хүртэлх үеийг “өөрчлөлт, шинэчлэлтийн үе” гэж томьёолсон байдаг. Тэгвэл тэртээ 30 жилийн өмнө социалист нийгмээс капиталист нийгэмд шилжсэнээр “Шинэ Монгол” улс байгуулагдаж, бидний цоо шинэ эрин үе эхэлсэн гэж үзэж болно. Гэвч энэ хугацаанд бид үнэхээр бүрэн утгаараа шинэчлэгдэж чадсан уу?
Өөрчлөлт, шинэчлэл гэдэг бүхэл бүтэн улсын түвшинд алга урвуулах мэт хурдан хэрэгжихгүй нь мэдээж. Тиймдээ ч бид хэдий ардчилсан, капиталист улс гэж тунхагласан ч бодит байдал дээр, ялангуяа сэтгэлгээнийхээ хувьд хуучин социализмын үеийн үзэл суртлаасаа ангижирч чадаагүй хэвээр байна. Үүний нэг жишээ бол хувийн өмчийг хүлээн зөвшөөрдөггүй, бүр цаашлаад үзэн яддаг сэтгэлэгээ ноёлосоор байгаа явдал юм. Жишээ нь, ардчилсан нийгэмд төрж, өссөн хүүхэд атлаа гартаа чулуу барьчихаад, бусдын машиныг хэнэг ч үгүй зураад явж байгаа нь бидний шинэ үед хүртэл хувийн өмчийг хүндэлдэггүй, бүр цаашлаад дургүй байх хуучны хандалага илэрч буйн нэг хэлбэр юм.
Хэн нэгэн өөрийн хөдөлмөрөөр өмчтэй болоход түүнийг нь үгүй болоосой гэж хүсч байгаа бол хөрөнгөтний нийгэмд амьдарч буй иргэний хувьд нийгмийнхээ мөн чанартай зөрчилдөж буй хэрэг биш үү. Бид шинэ “нэртэй”, хуучнаараа үлджээ.
Гэтэл өмч хөрөнгийг хүлээн зөвшөөрсөн улс орнуудад хүнийг өмчтэй нь хамт хамгаалдаг. Тухайлбал, шугамын засвар хийх ажилчид эзэн нь байхгүй машиныг бохирдуулахгүйн тулд уутаар хучиж орхиод, шороогоо ухаж байна. Хүнийг дээдлэх, хүний өмчийг хүндэтгэх жинхэнэ хүнлэг, энэрэнгүй нийгэм тэнд цогцолжээ. Бид ч мөн нийгмээ ингэж л бүрэн утгаар нь шинэчлэх ёстой.
Биднийг бодвол бүтэн 400 жил ардчилалыг цогцлоохын төлөө зүтгэсэн барууны орнуудад “Хүн” төвтэй онол ноёлдог. Тиймдээ ч барилга байшин барихдаа хүртэл хамгийн түрүүнд явган хүний замаас эхэлдэг. Харин манайд эсрэгээрээ. Дунд нь ороод зогсоход амьсгал давчдам олон барилгыг нэг дор барьчихаад, явган хүн аюулгүй зорчих хэсгийг бараг л үлдээхгүй. Үүнээс харахад бид барууны ардчилалыг өөрсдөдөө “нутагшуулахдаа” гол мөн чанар болох “Хүн”-ийг нь орхигдуулжээ.
Үүний жишээ нь, олон их, дээд сургуульд шинэ барилга барьж, шинэ хичээлийн байр ашиглалтад орлоо гэдэг. Гэтэл үнэн хэрэгтээ тэнд очоод үзэхэд шинэ зүйл юу ч байдаггүй. Зүгээр л шинэ шохой, шинэ будаг, шинэ тааз, шинэ шал хийчихээд тэр барилга шинэ болчихгүй.
Гол нь хүнийхээ төлөө юу нэмж хийсэн бэ гэдэгт асуудал оршино. Ядаж л настай багш нар 5, 6 давхар руу төвөггүй өгсчих цахилгаан шат барьсан бол, тулгуур эрхтний бэрхшээлтэй буюу тэргэнцэртэй оюутнуудад зорчих боломжийг нь олгосон стандартын шат тавьчихсан бол энэ жинхэнэ хүмүүнлэг, ардчилсан, иргэний нийгмийн шинэ бүтээн байгуулалт болох байлаа.
Их сургуулиудад тэргэнцэртэй иргэдийн шат байдаг нь үнэн. Гэхдээ тэдгээр нь стандарт бус, зүгээр л хэлбэрийн төдий гэдгийг тэдгээр шатанд хэмжилт хийсэн сайн дурын байгууллагынхан баталдаг. Гэтэл тэргэнцэртэй иргэдийн хөгжлийн бэрхшээл тэдний хөлөнд биш, стандарт бус шат, дэд бүтцэд байдаг. Хэрвээ стандарт шаттай байсан бол тэд бэрхшээлгүйгээр хөгжиж чадах байлаа.
Наад захын иймэрхүү жишээнээс харахад монголчууд бид сэтгэлэгээний хувьд ч, гүйцэтгэлийн хувьд ч, яг л дээр дурьдсан барилгууд шиг шинэ нэртэй хуучнаараа үлджээ.