Европын хоёр дахь том эдийн засаг болох Их Британи улсын хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт нь сүүлийн 10 жилд хамгийн бага өсөлттэй байгаа бөгөөд энэхүү өсөлтийн сааралт нь 250 жилийн өмнө болсон үйлдвэрлэлийн хувьсгалаас хойш болж байгаагүй хэмжээний муухан үзүүлэлт юм. Энэ тухай Сассекс болон Лафборо Их Сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгааг "The Guardian" сонинд нийтэлсэн байна.
Одоогоор үзүүлэлт хасах хэмжээнд ороогүй ч өсөлт нь дэндүү бага байгаагийн нэг жишээ нь хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт сүүлийн 10 жилд ердөө 0.3% байгаа явдал. Гэтэл энэ тоо нь 2008 оны хямралын өмнөх жилүүдэд дунджаар 2%-байсан билээ.
2008 оны санхүүгийн хямралаас хойш бий болсон энэ өсөлтийн хурдац буурах явдал нь 1971-1981 оны бууралтаас ч хоёр дахин их байгаа ба 200 жилийн түүхэнд хамгийн бага үзүүлэлт болж байгаа гэнэ.
Хөдөлмөрийн бүтээмж гэдэг үзүүлэлт нь хүн амын орлогын хэмжээ, амьдралын төвшинд шууд нөлөөлөх бөгөөд ДНБ-ийн өсөлтөд хамгийн чухал хэрэгтэй үзүүлэлт гэж эдийн засагчид үздэг. Тийм учраас хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт бага байх нь Британичуудын амьдралын өсөлтөд муугаар нөлөөлж байгаа билээ.
Ажилгүй, мөнгөгүй
Сүүлийн жилүүдэд Их Британид хөдөлмөрийн хөлсний өсөлт мөн л буурсан байна. 2019 онд британичуудын жилийн дундаж цалин 2.9% өссөн буюу дунджаар долоо хоногт 585 фунт стерлингийн хөлс авч байв. Энэ нь жилд дунджаар 30.4 мянган фунт стерлинг болно.
Хямралын өмнөх үеийн өсөлтийн хурдыг хадгалж чадсан бол өдийд Их Британийн хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт одоогийн байгаагаас 20%-их байх байсан гэсэн тооцоо бий.
Эдийн засагчид энэ бүхний гол шалтгааныг гурван зүйлтэй холбон тайлбарлаж байна. Үүний нэг нь Brexit-ийн дараа бий болох худалдааны ойлгомжгүй нөхцөл байдал бөгөөд энэ урьдчилан тааварлах боломжгүй нөхцөл байдал нь 2008 оны хямралаас бүрэн гарч амжаагүй санхүүгийн салбарт хөрөнгө оруулахад саад болж байгаа юм. Мөн 1990-ээд оноос 2000 он хүртэл үргэлжилсэн компьютерын салбарын их үсрэлт дуусаж байгаатай бас холбоотой.
Их Британи нь Европын холбооноос гарах тухай санал асуулгыг 2016 онд явуулахад нийт сонгогчийн 72,2% нь оролцож, тэдний 51,9% нь холбооноос гарахыг дэмжсэн бөгөөд 2020 оны 1-р сарын 31 нд албан ёсоор гарсан билээ.
Үйлдвэрлэлийн өсөлт саарсан нь Их Британи улс Европын холбооноос гарах үед үүсэж болох олон ойлгомжгүй нөхцөлтэй холбоотой ба эдгээр нь : чухам хэзээ энэ үйл явдал болох нь тодорхойгүй, энэ холбооноос гарахдаа тодорхой ямар нэг гэрээ хэлцэл хийж чадах эсэх нь эргэлзээтэй болсноос үүдэлтэй гэж TeleTrade-ийн тоймч Пётр Пушкарёв үзэж байна.
“2019 оны 12-р сар хүртэл Британийн бизнес, үйлдвэр компанийн эзэд, банк, санхүүгийн байгууллага нь тоглоомын ямар дүрэм баримтлах хэрэгтэйгээ мэдэхгүй, аливаа эрсдэлтэй бизнесийн идэвх гаргахгүй, стратегийн ямар нэг шийдэлд хүрэх боломжгүй байсан билээ” хэмээн энэ тоймч дүгнэж байна.
Европын холбооноос гарах энэ шилжилтийн үед буюу 2020 ондоо багтаж олон төрлийн худалдааны тохиролцоонд хүрэх хэрэгтэй байгааг тоймч мөн сануулжээ. Гэхдээ одоогийн байдлаар тохирч болохгүй хэмжээнд хүрсэн гэмээр хурц асуудлууд Брюссель болон Лондоны хооронд алга. Энэ нь энэ оны эхнээс бага зэрэг сэргэж буй бизнес идэвхэд сайнаар нөлөөлж байгаа төдийгүй цаашдаа хөрөнгө оруулалт нэмэгдэх итгэл найдвар төрүүлж байна хэмээн Пушкарёв хэлсэн байна.
Их Британи улс Европын холбооноос гарах шийдвэр гаргасны дараа бий болсон олон ойлгомжгүй байдал нь тус улсын эдийн засагт ихээхэн муугаар нөлөөлсөн ба энэ нь хөрөнгө оруулалт буурсан, том корпорацууд бизнесээ энэ улсаас гарган, их газарт (Европ)шилжүүлсэн, арлын улс дээр ажилласаар үлдсэн хэд нь Лондон Брюсселийн хоорондох худалдааны шинэ нөхцөл байдалд аль болох бага алдагдалтай байхыг хичээж байгаа зэргээс илэрч байна.
Одоогийн байдлаар 300 гаруй санхүүгийн компаниуд өөрийн төв офисоо Европт шилжүүлсэн ба ойролцоогоор 1 их наяд ам.доллар Их Британиас гарчээ.
"Brexit-ийн дараа энэ улсын өөрийн эртний худалдааны түнш болох Франц, Герман зэрэг улсуудтай хийх худалдаанд нь нэлээд олон бэрхшээл үүсэх ба бараа таваарт тавих хил гаалийн болон бусад татвар хураамж нэмэгдэх болно” гэж өөр нэгэн шинжээч хэлсэн байна.
Эдгээр татвар хураамж хэрэгжиж эхэлсний дараа Их Британийн иргэдийн бодит орлого бараг 10%-иар буурч болох тухай энэ шинжээч анхааруулаад хэрвээ Лондон Брюссель нь худалдааны хөнгөлөлттэй нөхцөлийн талаар тодорхой тохиролцоонд хүрч чадахгүй бол “английн экспортын 70% нь илүү өндөр хэмжээний татвар хураамж төлөх болж энэ хэрээр компанийн ашиг орлого буурах болно “ гэж тэр цохон тэмдэглэсэн байна. Гэхдээ энэ нь 2020 ондоо амьдралын төвшинд ямар нэг байдлаар нөлөөлөхгүй гэж тэр хэлжээ.
Европын улс орнуудын эдийн засгийн өсөлт ч жил бүр буурсаар байна. Европын бүсэд ДНБ-ийн өсөлт өнгөрсөн онд гэхэд 2013 оноос хойших хамгийн бага үзүүлэлттэй гарсан байдаг. 2019 онд Европын эдийн засаг 1,2%-ийн өсөлттэй байсан бол Их Британийн энэ өсөлт ойролцоогоор 1,1 % байх бололтой гэж Английн Банк (Bank of England) таамаглаж байна. Гэхдээ тэд үүнээс өмнө хийж байсан таамаглалдаа энэ тоог 2,5% байх болно гэж байсан ба Их Британийн ДНБ 2018 онд 1,5% өссөн байдаг.