Дональд Трамп Япон, Өмнөд Солонгосоос цэргийн зардлаа 4-5 дахин нэмэгдүүлэхийг шаардав
Ерөнхийлөгч Дональд Трамп Америкийн цэргүүдийг нутагтаа байрлуулан эх орноо хамгаалуулж байгаа, мөн АНУ-ын "цөмийн хамгаалалтанд" багтаж байгаагийн төлөөх төлбөрийг 4-5 дахин нэмэгдүүлэх шаардлагыг Япон Өмнөд Солонгонгосын Засгийн газруудад хүргүүлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр бол АНУ-ын Ерөнхийлөгч нутагт нь Америкийн 28.5 мянган цэрэг байрлаж байгаагийн төлбөрийг 4-5 дахин нэмэгдүүлэх шаардлагыг өнгөрсөн долоо хоногт тавьсан бөгөөд яг ийм шаардлагыг энэ долоо хоногт Японы талд тавих гэж байгаа гэнэ. Дональд Трамп Японы нутагт байгаа 50 мянган цэргийн байх хугацааг сунгахын тулд бүр одоо байгаагаас 8 дахин их төлбөр шаардана гэж зарим эх сурвалжууд мэдээлж байна.
Дональд Трамп мөн цөмийн зэвсэггүй орнууд "АНУ-ын цөмийн зэвсгийн хамгаалалтад байгаа учраас түүнийхээ төлбөрийг төлөх ёстой" гэж мэдэгдсэн байна.
Одоогийн байдлаар Япон улс жилд АНУ-ын цэргийн зардлын 80 хувь буюу 7 тэрбум, Өмнөд Солонгос 75 хувь буюу 3.9 тэрбум ам.долларыг дангаараа төлдөг бөгөөд үүнээс илүү төлбөр төлөх нь боломжгүй зүйл гэж тус 2 улсын гадаад яамны төлөөлөгч мэдэгдсэн байна.
АНУ-ын Тагнуулын төв газрын Солонгосын хойгийн асуудал хариуцсан хэлтсийн дарга асан Брюс Клингер "Энэ шаардлага биелэгдэшгүй зүйл, харин ч АНУ-ын ойрын холбоотон улс орнуудад “Америкийн эсрэг үзэл” бий болгож мэдэх юм" гэсэн байна.
Ерөнхийлөгч Дональд Трамп өмнө нь "Манай улсын хамгаалалтад байгаа орнууд батлан хамгаалахын салбараа АНУ-аар даалгах бус өөрсдөө бидэнд төлбөр төлөх ёстой" гэж мэдэгдэж байсан нь ийнхүү биеллээ олж байна гэж улс төр судлаачид үзжээ.
Үүнээс болоод Япон, Өмнөд Солонгост өөрсдийн гэсэн цөмийн зэвсэгтэй болох ёстой гэсэн үзэл дэлгэрээд байгаа юм. 2016 онд Өмнөд Солонгост явуулсан нэгэн судалгаанд оролцсон иргэдийн 60 хувь нь "цөмийн зэвсэгтэй болох хэрэгтэй" гэсэн хариулт өгсөн байдаг.
Харамсалтай нь АНУ-ын холбоотнууд цөмийн зэвсэгтэй болоод эхэлбэл дэлхийн үй олноор хөнөөх зэвсгийн эсрэг олон тооны гэрээ хэлэлцээр хүчингүй болж Хойд Солонгос, Иран зэрэг орнууд цөмийн хөтөлбөрөө үргэлжлүүлэх бүрэн эрхтэй болох юм.
Япон, Өмнөд Солонгост үлдсэн цорын ганц найдвар нь энэ оны 11-р сард болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болж байна. Хэрвээ Трамп ялагдвал нөхцөл байдал сайнаар эргэнэ. Харин тэр ялалт байгуулах юм бол дээрх 2 оронд НАТО-той нэгдэн Трампын хэрэгжүүлж буй гадаад бодлогын эсрэг тэмцэх ганц сонголт үлдэх юм.