Өмнөд Солонгос агаарын бохирдлыг бууруулах 5 жилийн төлөвлөгөө гаргажээ
Өмнөд Солонгосын эрх баригчид агаарын бохирдол үүсгэдэг PM2.5 тоосонцрыг бууруулах 5 жилийн төлөвлөгөө гаргажээ. PM2.5 нь тус орны агаарын бохирдлын талаас илүү хувийг үүсгэдэг бодис юм.
Засгийн газар төлөвлөгөөний дагуу 20 их наяд вон (ойролцоогоор 17 тэрбум ам.доллар)-ын хөрөнгө оруулалт хийж, дараагийн таван жилийн хугацаанд PM2.5-ийн дундаж нягтралыг 35-аас дээш хувиар бууруулахыг зорьж байна.
Энэхүү төлөвлөгөөг тус улсын байгаль орчны хорооноос 2013 онд бохирдуулагч бодисын тархалтын талаарх судалгааны үндсэн дээр боловсруулсан аж. Тус улсад байгаа PM2.5-ийн 30 орчим хувь нь Хятад улсаас хийсч ирж байгаа юм. Тийм учраас энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэх тал дээр Өмнөд Солонгос хамтран ажиллахыг хүссэн байна.
Төлөвлөгөөний дагуу тус улсын засгийн газар хорт утааг бууруулах зорилгоор жижиг дунд бизнес эрхлэгчдийг утаа бага гаргадаг төхөөрөмжөөр хангах, хуучирсан дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэлд байгальд ээлтэй хөдөлгүүр суурилуулах; метронд агаар цэвэрлэх төхөөрөмжийг суурилуулж, хүүхэд, ахмад настны асрамжийн газарт агааржуулалтын систем байршуулах ажил хийгдэх юм.
Өмнөд Солонгосын агаарын бохирдол өвөл болон хаврын улиралд улам дорддог. Учир нь жилийн энэ үед Хятад улсаас салхиар дамжин асар их хэмжээний агаарын тоосонцор хийсч ирдэг ажээ.
2019 оны 12-р сард Өмнөд Солонгосын Байгаль орчны яам PM2.5 түвшин дунджаар өдөрт куб метр тутамд 50 микро грамм байна гэсэн тооцоо гаргасан юм. Үүнтэй харьцуулбал Японы хүн ам ихтэй бүс нутгуудад PM2.5-ийн түвшин куб метр тутамд дунджаар 35 микро грамм байдаг аж.
Өмнөд Солонгос, Япон, Хятадын эрдэмтэд хамтран 2013-2017 оны хооронд хийсэн судалгааны үр дүнгээс харахад Өмнөд Солонгосын томоохон хотуудын агаарын бохирдлын 51 хувь нь тус улсаас гаралтай бол 32 хувь нь Хятадаас гаралтай байжээ.
Судалгааг удирдсан Пусаны үндэсний их сургуулийн профессор Ким Чол-Хи хэлэхдээ: "Хятад улсын хүсэлтээр тус судалгааг зун хийсэн тул тайланд дурдсан тоо нь жилийн бодит дунджаас харьцангуй бага үзүүлэлт юм. Хэрэв энэ судалгааг өвөл хийсэн бол үзүүлэлт нь хамаагүй өндөр байх байсан "гэжээ.