Манай Шинжээравдан бол цул мөнгөн гоёлтой, цуцашгүй хурдан хүлэгтэй, цуглаж дарвисан намтартай, цувж чангардаг аргатай.
Харин Загдаа бол зандарч ярьдаг, зааварлаж хашгирдаг, хараалыг бол урсгаж, хатгаасыг бол урлаж, торго магнагаар гоёж, толгой хаялан томордог...эрт цагийн шилийн сайн эрс энэ хоёрыг харвал хөдөрсөн дээл, унасан унааг нь дээрэмдэж ядарсан нэгэнд өгчихөөд, дээр нь өөрийнхөө зуун лангийн ташуурыг зуузай холбодог морьтойгоо нэмж барьчихаад нэрээ хэлэлгүй, нэмнээ ч авч үлдэлгүй хөтөл давж, хөл дүүжлэх унааны эрэлд гарна даа.
Дээдэст халгаатай, доодост ээлтэй шилийн сайн эрсийг ядарсныг яллаж, чадарсныг бараадаж явдаг ийм хүмүүс залгана ч гэж юу байхав. Төр сулрахад төр болж тоглох гэсэн чанга гарууд чарлах, чангарах нь зэрэгцээд байдаг хорвоо юм даа. Хоёр настай охиноо орхиод гарсан Халиунаа үртэйгээ уулзах гэж ирчихээд хараалын мууг сонсож, хатуу доромжлолоор зодуулан нулимсаа урсгаад сууж байсан тэр мөч ямар ч тайлбаргүйгээр яасан олныг хэлээд өгчихөв өө.
Загдаа даргын зангуутай торноос нисч, амьдралаа босгоод алаг үрээ авч бие даан амьдрах гэсэн эх хүний хүсэл, хүслийнхээ өмнө сөхөрсөн сэтгэл, яг үнэндээ зорьсондоо хүрэхийн тулд ямар ч гутамшгийг туулаад гарах гэсэн цуцашгүй, буцашгүй дүр төрх...альхан газрын, ямархан хүний үр ингэж явдаг юм бол гэж бодмоор, үнэхээр л аав ээжийн сэтгэлээр хандсан бол "Охиндоо битгий зов, амьдрал ажлаа өндийлгөөд автлаа ингээд хааяа ч гэсэн ирээд уулзаж элгээ дэвтээж бай, алийн болгон энд уяатай байхав" гээд уужуухан дуугараад, уудамхан хэлчих л байсан даа...гэтэл ялтан шиг яллаад, хоригдол шиг туугаад, орон дээр нь хүл, орилуулаад хүүхэдтэй нь хая гээд л чухам нэг цухасхан өөрийгөө таниулсан даа, манай Загдаа.
Ямар ч хүн охин юм уу, хүүгээ алдаж асгаж яваад ирсэн ч, амьдралаа хайгаад мордсон ч, хүүхдийг чинь өсгөж байя, хөл ганзаганд хүрээд ирээд аваарай гээд л налайж суудаг биз дээ. Шинжээ нарт зодуулсан настай хүн амиа хорлочихлоо. Яаж ч бодсон идэр есийн хүйтэнд ямар аргатайдаа тийм насны хүн унтах ор, уух цай, толгой хоргодох тоонот, тогтож суух ханиасаа хол ууланд мод хөрөөдөж явах билээ.
Ард нь хоол нэхсэн ам, хомсхон амьдрал, үүрсэн ачаа, зүрхэндээ зүүсэн үүрэг байгаа болоод аргаа барж амьдрал залгуулах гэж яваа нь тэр шүү дээ. Үүрэг хүлээсэн эцэг хүн энэ хатуу нийгэмд өөр яах ёстой вэ, яаж амьдрах вэ, яаж хүүхдүүддээ талхтай харих вэ...зүгээр сайхан эр улс шиг хөөрөлдөж тамхилаад, амьдрал ахуйг нь асуугаад, уулын унасан мод хамжаад буулгаад өгчихсөн бол итгэлийг нь даах гэж эцтэлээ зүтгэх л байсан... хэдэн жилийн өмнө биеэ үнэлсэн хэргээр ямар ч билээ холбооныхонд үсээ хусуулсан бүсгүйн бичлэг сошиалаар цацагдаж, удалгүй амиа хорлосон хэрэг гарсан.
Ямар ч ядарсан хүнд нэр төр, нэрэлхэж ичих сэтгэл байдаг гэдгийг мартах учиргүй. Хүнд бургасаар зодуулж орон даяар цацуулчихаад хүүгийнхээ өмнө хэрхэн баатар байж чадах уу. Хэчнээн ядарсан хүн ч хэн нэгний хувьд баатар, хайр энэрэл, хайлган зүрх нь байдаг. Тэгээд ч ер нь нэг хүний захиалгаар нөгөөг дарамталж, дунд нь шантааж хийж амьдрах чинь эр хүний ажил биш, ядаж л өвдөг сөхөрсөн нэгнийгээ өргөөд босгодог байвал өөр. За энэ мэтийн төр сулрахад өөрийгөө төр, өргөсөн гараа хууль, зандачсан хараалаа зарлиг цааз гээд бодчихсон хүмүүсээ цэгцлэхгүй бол үүнээс ч хэцүү юм болоход ойрхон л байна.
Цаана чинь Улаанчулуутын хогийн цэг түшиглэсэн бараг л тэнэмэлүүдийн хот улс байгуулагдаж, төр хол, түмэн хатуу нөхцөлд өөрийн хууль дүрмийг батлан өнөөдрийг элээж, маргаашийг угтаж байна. Төртэй юм бол төр ядарсан иргэддээ, ялархсан шилийн муу эрсдээ эзэн болмоор юм.
Эсвэл ингээд хаа сайгүй хувь хувийнхаа төрийг байгуулаад, өөр өөрийнхөө хуулиар амьдраад, ядарсныгаа яллаж доромжлоод, чадарсантайгаа патиар татуулж, бичлэг хийлгээд, дээдэстээ дэлдийтэл үйлчлээд, доодсоо дориухан зандраад, би би гэж ханхайгаад, биеэ өмөөрч бэлэрхээд байх юм уу? Нэртэйгээр нь төр сулрахад төр болж тоглоод байгаа энэ шилийн муу эрсдээ газар нутаг олгоод, гар хөлд нь зарагдах хамжлага ард хуваагаад өгчих өө, яршиг зүгээр.
Харилцан зорчихдоо виз аваад, цагдаа цэргийн асуудал гарвал дипломат албан бичиг солилцоод байцгааж байя. Тэгээд хар гэртээ хаан Шинжээ харц хамжлагаа банздаж шаахайдаад, бор гэртээ богд Загдаа идэр насны охиныг энд тэндэхийн элдэв хүмүүстэй хамт амьдарсангүй гэж ямбалж шийтгээд ялаа уншиг даа? Ард, амбан ялгаагүй, задарсан зүдэрсэн хамаагүй төр улстай байтлаа төрдөө л багтаж амьдарцгаая, тэгэх үү? Төрөөсөө томроод, түмнээ энэ мэтээр дээрээс нь хараад эхлэхээрээ л эрийн муу болчихож байгаа юм!
Р.Эмүжин