Хайртай дотны хүмүүстэйгээ амьдран сууж үр хүүхэд, ач зээ, хойч үеэ өсгөн бойжуулж насан туршийнхаа амьдралын хамгийн нандин дурсамжуудыг бий болгох тэр орон зай бол та бидний мөрөөдлийн байшин билээ.
Гэхдээ тэрхүү байшингаа барихын тулд юуны өмнө танд зөв төлөвлөлт, ухаалаг сонголт хийх шаардлага зайлшгүй тулгарна. Тэгвэл дараах 10 зөвлөгөөг дагаад он удаан жил тав тухтай амьдрах чанартай сууцтай болохдоо бэлтгээрэй.
- 1. Бүү яар
Хэт яарснаас болж газраа буруу сонгох, сууц болон дэд бүтцийн зардлууд өндөр болохоос гадна чанарын хувьд шаардлага хангахгүй, өрөө тасалгаа болон дотоод орон зайн төлөвлөлт муу хийгдсэн өөрийн хэрэгцээнд тохироогүй барилга барих сөрөг талтай байдаг.
- 2. Бусдыг бүү дуурай
Энгийн нэгэн жишээгээр тайлбарлавал та өдөр тутамдаа өмсөх хувцсаа худалдан авахдаа өөрийн ажил мэргэжил, хувь хүний онцлогийг илэрхийлсэн байх гэх мэт хэд хэдэн шалгуурыг тавьж түүндээ тохируулан сонголтоо хийдэгтэй ижил хайртай дотны хүмүүстэйгээ насан туршдаа амьдран, хойч үедээ өвлүүлэх амины орон сууцаа өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн барихад анхаараарай.
Мөн нэг барилга хоёр өөр байршилд адил өртгөөр баригдах нь тун ховор. Учир нь тухайн сууцны баригдах газар, байгаль цаг уур, хөрсний бүтэц зэргээс хамаарч барилгын хийц бүтээц ялгаатай байх ба түүнээс хамааран барилгын төсөв харилцан адилгүй гардаг.
- 3. Санхүүгийн боломжоо судал
Та өөрийн санхүүгийн боломжоо бодитоор үнэлэн түүндээ тохируулан барих сууцаа төлөвлөх хэрэгтэй. Тооцоо судалгаа хийлгүйгээр барилгаа барьж эхэлснээр ажлын явц саатаж удаашрах, бүр цаашилбал санхүүжилтгүй болон зогсоход хүрдэг.
- 4. Барилгын тухай анхан шатны мэдлэгтэй бол
Хэдийгээр энэ нь хэцүү, цаг хугацаа их зарцуулах хэдий ч та шантралгүй мэргэжлийн байгууллагуудаас зөвлөгөө аван тэдгээрийг хооронд нь харьцуулан, барилгын материалуудын шинж чанар, үнэ өртгийн талаар мэдээлэл цуглуулж, дэвшилтэд технологиудыг судлах нь таны барилгын явцад их тус болно.
- 5. Бусад зардлыг бүү март
Амины орон сууц барих болон бариулахаар төлөвлөж байгаа хүмүүсийн хувьд сууцын үндсэн өртөгөөс тусдаа гардаг нэмэлт зардлууд болох газар худалдан авах, хашаа барих, цахилгааны шугам татах, худаг гаргуулах, бохирын цооног хийх, гадна тохижилт, шаардлагатай бол автозам тавих, харуул хамгаалалт болон бусад ашиглалтын зардлыг заавал урьдчилан тооцох шаардлагатай.
- 6. Байршлаа оновчтой тодорхойл
Сонгосон байршил тань үер усны сав газар, мод ургамлын тархалт их, намаг балчигтай эсэхийг анхаарахаас гадна дэд бүтцээс хэр хол байгааг анзаарч, түүнтэй холболт хийх боломжтой байх нь маш чухал. Мөн байгаль, цаг уурын онцлог /нарны тусгалыг анхаарах/ болоод өвөл цас, зун шавартай үед халтиргаа гулгаанаас үүдэн тээврийн хэрэгсэл хүрч очих эсэх зэрэг бүгдийг бодолцох хэрэгтэй.
- 7. Барилгын бүтээцийг зөв сонго
Та сууцаа барихаар төлөвлөсөн газрынхаа онцлог, хөрсний бүтэц, хөрсний усны төвшин, цэвдэгшилт зэргийг мэргэжлийн байгууллагад хандан геологийн дүгнэлт гаргуулсны дараагаар барилгын бүтээцийг сонгох хэрэгтэй.
Барилгын бүтээц бүхэн өөр өөрийн давуу, сул талуудтай байдаг тул газар, хөрсний шинж чанарт тохируулан сонголтоо хийх нь барилгын чанарт шууд нөлөөлнө.
- 8. Бэлэн зураг төсөл бүү ашигла
Учир нь бэлэн зураг төсөл Монголын байгаль цаг уур, нарны тусгал, газар хөдлөлт, сонгосон байршил зэрэгт тохирохгүй байхаас гадна монгол хүний онцлогт тэр болгон нийцэхгүй мөн барилга өртөг өндөртэй, чанар муу болох талтай.
- 9. Мэргэжлийн байгууллагад хандаж зөвхөн өөрт тохирох барилгын зураг төсөл хийлгэ
Хүмүүсийн нийтлэг гаргадаг алдаа бол зураг төсөл хийлгэхэд зардал өндөр учир түүнд зарцуулах мөнгийг барилга барихдаа нэмэрлэсэн нь дээр гэж бодон барилгын ажлыг шууд эхлүүлснээр дараах асуудлуудыг өөрсдөө бий болгодог. Үүнд:
- Барилгын өртөг тодорхойгүй
- Илүү зардал гаргах
- Цаг хугацаа алдах
- Чанар муутай барилга барих
- Сонголтыг буруу хийснээр эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй материалаар барилга барихаас гадна чанар муу эсхүл зохицолдолгоогүй хэт үнэтэй материал авах
- Төлөвлөлт оновчтой бус хэт жижиг, том өрөөнүүд хийгдэн тавилга байршуулахад төвөгтэй болох
- Цахилгааны хүчин чадал тооцоололгүй /цахилгааны зардал өндөр гарах, барилга шатах эрсдэлтэй/
- Дулааны алдагдалтай барилга барих /халаалтын зардал өндөр гарах, тав тух алдах, өвөл амьдрах боломжгүй болох/
- Барилга суулт өгч, ан цав үүсэх
- Анх төсөөлснөөс өөр болох гэх мэт хүндрэлүүд бий болох бөгөөд зураг төсөл хийлгэснээр дээрх хүндрэлүүд үүсэх нөхцөлөөс урьдчилан сэргийлж чадна.
- 10. Дадлага тушлагатай мэргэжлийн байгууллагаар бариул
Та өөрийн сонгосон газар дээрээ төсөвтөө багтаан өөрийн хүсэл сонирхол, тав тух, хэрэгцээ шаардлагад нийцсэн амины орон сууцаа цаг алдалгүй бариулахыг, дээрх нийтлэг гаргадаг алдаа дутагдлуудтай тулгарахгүй байхыг хүсч байвал мэргэжлийн байгууллагуудтай уулзаж, тэднээс зөвлөгөө авч хамтран ажиллаж, цаг, мөнгөө хэмнээрэй.
Эх сурвалж: mongol-bukh.mn