АНУ болон Ираны хоорондын зөрчилдөөн хурцдаж байгаагаас үүдэн Япон улс Ням гаригт байлдааны хөлөг онгоцоо Ойрх Дорнод руу илгээжээ.
200 орчим цэргийн бүрэлдэхүүнтэй Таканами хөлөг онгоц нь Токио хотын Ёкосука хэмээх баазаас Оманы буланг чиглэн хөдөлжээ. Тус хөлөг нь мэдээлэл цуглуулах болон Японы газрын тос тээвэрлэгч хөлөг онгоцнуудыг хамгаалах зорилготой юм байна. Таканами хөлөг онгоц Африкийн Жибути улсад байрлан АНУ-ын тагнуулын 2 “P-3C” загварын нисэх онгоцтой хамтран ажиллах гэнэ.
Тус хөлөг онгоцыг үдэж гаргах ёслолд Ерөнхий сайд Шинзо Абэ өөрийн биеэр оролцжээ. Тэрбээр ёслол дээр үг хэлэхдээ энэхүү хөлөг онгоц нь Японы иргэд болоод хөлөг онгоцнуудыг хамгаалдаг болохыг онцолсон юм. Япон улс газрын тосны импортын 90 хувийг далайгаар хүлээж авдаг аж.
Хэдийгээр Япон нь АНУ-ын ойрын холбоотон боловч Ойрх Дорнодод явуулж буй ажиллагаанд нь оролцохоос зайлсхийсээр ирсэн юм. Яагаад гэвэл газрын тосны арвин нөөцтэй Иран гэх мэт орнуудтай Япон найрсаг харилцаатай байхыг эрмэлздэг билээ. Япон нь АНУ болон Ираны хооронд ихэвчлэн зуучлагч орны үүрэг гүйцэтгэдэг бөгөөд бүс нутгийн тогтвортой байдлыг хадгалахын төлөө ихээхэн хүчин зүтгэл гаргадаг. Харамсалтай нь өнгөрсөн оны 6-р сард Ормузын хоолойд явж байсан Японы хөлөг онгоц халдлагад өртсөнөөс хойш тус улсын засаг захиргаа ийнхүү шийдэмгий арга хэмжээ авах болсон байна.
Ийнхүү Япон улс олон улсын хүрээнд идэвхтэй цэргийн ажиллагаа явуулж байгаад ойролцоох орнууд, тэр дундаа 2 Солонгос, Хятад улс ихэд эмзэглэдэг.
Дэлхийн 2-р дайнд ялагдсаныхаа дараа Япон улс АНУ-ын шахалтаар дайн зарлах эрхээсээ татгалзсан төдийгүй өөрийн гэсэн арми, тэнгисийн цэрэггүй болсон юм. 1947 онд тус орон шинэ үндсэн хуульд зөвхөн батлан хамгаалах хүчинтэй байна гэсэн заалт тусгаж өгсөн байдаг. Харин 2012 оноос хойш япончуудын дунд цэргийн салбараа эргэн сэргээх сонирхол нэмэгдэж байгаа бөгөөд Ерөнхий сайд Шинзо Абэ ч гэсэн үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжих болсон билээ.