УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг өнгөрсөн сарын 30-ны пүрэв гарагт УИХ-ын гишүүдийн шийдвэрээр түдгэлзүүлсэн.
Тэгвэл Нийслэлийн Прокурорын газраас түүнийг яллагдагчаар татсан байна. Тодруулбал, түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт яллагдагчаар татжээ.
Яллагдагчийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авахуулахаар ирүүлсэн прокурорын саналтай хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн байна.
Улмаар Н.Номтойбаярт 2020 оны нэгдүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч, Монгол Улсын хилээр гарахыг түүнд холбогдох хэргийг шийдвэрлэж дуустал хязгаарлахаар шийдвэрлэжээ.