Нийгмийн даатгалын сан олон жил алдагдалтай явж ирсэн, улсын төсөв хоёр их наядын алдагдалтай баталчихсан хэдий ч тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх асуудлыг Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар шийднэ гэдгийг сарын өмнөөс ярьсан.
Гэвч уг асуудлыг Салхитын мөнгөний ордоос биш банканд буй хөрөнгөөр эхний ээлжинд шийдэхээр болсон тухай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдэгдсэн юм. Түүний ярьснаар, хоёрдугаар сарын 3 буюу өнөөдрөөс эхлэн тэтгэврийн зээлтэй иргэд бүтэн тэтгэвэрээ авах аж. Ингэхдээ зээлийн хасалт хийхгүй.
Нэгдүгээр сард хийсэн хасалтыг хоёрдугаар сарын тэтгэвэр дээр нөхөн олгоно. Санхүүжилтийн эх үүсвэрийг Монголбанк болон арилжааны банкуудтай санамж бичигт гарын үсэг зурах замаар шийдэхээр болсон байна. Түүнчлэн Салхитын мөнгөний ордын ТЭЗҮ болон нөөцийг нь шинэчлэн тогтоож, улмаар "Эрдэнэс Монгол" компани “Эрдэнэс" бонд гаргах замаар санхүүжилт босгож, тэтгэврийн зээлийг тэглэх хөрөнгийг гаргах байсан ч "Эрдэнэс Монгол" компанийн ТУЗ-ийн зарим гишүүд ажлаа хүлээлгэн өгсөн, оронд нь өөр хүн томилох асуудал үүссэн гэдгийг С.Чинзориг сайд онцлов.
Харин "Эрдэнэс Монгол" компани ТУЗ-ийн гишүүдээ нөхөн томилж, Салхитын мөнгөний ордны ТЭЗҮ болон нөөцийг шинэчлэн тогтоож, дараа нь “Эрдэнэс” бонд гарган арилжаалж, банкуудын мөнгийг төлөх гэнэ.