Коронавирусээс болж Хятадын эдийн засаг 60 тэрбум ам.долларын алдагдалд орох төлөвтэй байна
Коронавирусийн дэгдэлтээс болж Хятадын эдийн засаг суларч эхлэв.
Тус улсын эрх баригчид эдийн засгийн тогтвортой байдлыг хангахын тулд иргэд болоод албан байгууллагын татварыг бууруулах, улсын зардлыг багасгах, зээлийн хүүгийн хэмжээг тогтворжуулах зэрэг арга хэмжээ авч эхэлсэн байна.
Энэхүү халдварт өвчний улмаас нийтдээ хэр хэмжээний хохирол учирч болохыг эдийн засагчид тооцоолох боломжгүй гэж үзжээ. Гэхдээ 2020 оны эхний улиралд Хятадын эдийн засгийн өсөлт 2 хувиар бууруулах буюу 60 тэрбум ам.долларын алдагдал хүлээх төлөвтэй байна гэж шинжээчид дүгнэсэн байна. Одоогийн байдлаар Хятадын засгийн газар шинээр эмнэлэг байгуулах, тоног төхөөрөмж бэлтгэх зэрэг зүйл ажиллагаанд 12.6 тэрбум ам.долларын хөрөнгө зарцуулаад байгаа аж.
Саяхан ерөнхий сайд Ля Көцянд коронавирустай тэмцэх ажлыг бүрэн хариуцуулах шийдвэрийг Коммунист намыг төв хороо гаргасан билээ. Энэхүү шийдвэр нь тус улсын эрх баригчид өвчний тархалтыг нэн тэргүүний асуудал болгон авч үзэж байгаагийн тэмдэг гэж улс төр судлаачид тэмдэглэсэн юм. Тус улсад хувийн бизнес эрхлэгчид хамгийн их хэмжээний хохирол амсаж байгааг Ля Көцян тэмдэглээд тэдэнд дэмжлэг үзүүлэхийн тулд цадах бүхнээ хийнэ гэж мэдэгджээ.
Хятадын төв банк болох "Bank of China" халдварын голомт болсон Ухань хот болон Хубэй мужийн иргэдийн зээлийн эргэн төлөгдөх хугацааг 5 хүртэлх сараар хойшлуулах боломж олгож эхэлсний дээр жижиг дунд бизнес эрхлэгч нарт хөнгөлөлттэй зээл олгохоор болжээ.