"Оросын Су-57 ба Америкийн F35" - Аль нь илүү вэ?
Оросын холбооны улсын МАКС-2019 нисэхийн үзэсгэлэнд Туркын ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдоган ирж Оросын шинэ үеийн сөнөөгч болох Су-57 онгоцыг сонирхсон байна. Тэрээр Туркийн сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа АНУ-ын 5-р үеийн F-35 сөнөөгч, бөмбөгдөгч онгоцны оронд Оросын Су-35 болон Су -57 онгоцыг худалдаж авах боломжийг судалж байгаа тухайгаа хэлсэн билээ.
Турк улсыг Оросын зенитийн систем болох С-400 –г худалдан авах шийдвэр гаргасны дараа АНУ нь F-35 онгоцыг Туркт нийлүүлэх гэрээгээ зогсоосон юм. Гэрээ ёсоор АНУ нийт 10 тэрбум долларын үнэ өртөг бүхий 100 F-35 онгоцыг Туркт нийлүүлэх ёстой байсан боловч Оросоос зенитийн шинэ систем авсных нь төлөө Вашингтон энэ гэрээгээ хүчингүй болгож бүр янз бүрийн хориг арга хэмжээ авах болно хэмээн анхааруулж байв.
Америкийн F-35 онгоц нь флот, нисэх хүчин, тэнгисийн цэргийн хуурай замын хүчний гэсэн гурван хувилбараар хийгдсэн бөгөөд Турк улс нь энэ онгоцыг авч чадахгүй болсон нөхцөлд Оросын Су-57 авах боломжийг хайж байгаа тухай Bloomberg өмнө нь мэдээлж байсан билээ. МАКС 2019-д үзүүлсэн Су 35 нь F-35 –тай техникийн үзүүлэлтээр нэлээд ойролцоо боловч Америкийн шинэ үеийн онгоц нь stealth буюу радарт бага харагдах боломжоор илүү давуутай бол харин Су-57 нь энэ үзүүлэлтээрээ F-35-тай өрсөлдөх чадвартай, дайсны дайралтаас форсаж (хөдөлгүүрийн хүчний ажиллах дээд хэмжээ) хэрэглэлгүйгээр, дуунаас өндөр хурдтайгаар зугтан зайлах чадвартай зэрэг давуу талуудтай юм байна.
Су-57
F35
Мөн Су-57 нь маневрлах чадвар, хурд, нислэгийн зай зэргээр илүү ба Оросын шинэ сөнөөгч 2600 км/цаг хурдлах бол Америкийн онгоц 1930км/цаг, нислэг үргэлжлэх дээд хугацаа Су-57-ийн хувьд 5.8 цаг бол F-35-ынх 2,36 цаг байна. Оросын онгоцны бүрэн зэвсэглэх дээд даац нь 10 000кг бол F-35 нь 9100 кг, Су-57 онгоц нь нислэг хийх хамгийн их жин нь 35500 кг бол F-35-д энэ үзүүлэлт 31571 кг билээ. Хэдийгээр Су -57 нь богино зайд хөөрөх буух боломжтой, форсажгүйгээр дууны хурд давах чадвартай боловч F-35-ийн нэг хувилбар шиг (F-35 b) эгц доош буух боломжгүй юм.
Defence News-ын мэдээлснээр F-35 ын хоёр хувилбарт олон дутагдал илрээд байгаагаас хамгийн ноцтой нь богино зайд хөөрч, эгц доош буух F-35B, тэнгисийн цэргийн F-35C хувилбарууд нь дуунаас хурдтайгаар тодорхой хугацаанаас илүү нисвэл стеалс бүрхүүл гэмтэх зэрэг бэрхшээлийг онцолж байна. Ийм нөхцөлд F-35-ыг хийсэн үндсэн зорилго болох дайсны онгоц, агаараас хамгаалах хэрэгсэлд харагдалгүй дөхөж очих гэсэн үндсэн давуу тал нь үгүй болох билээ.