Шотланд улс Их Британиас тусгаар тогтновол Европын Холбоонд хүлээж авахад бэлэн гэв
Европын зөвлөлийн ерөнхийлөгч асан Дональд Туск Шотланд улс Их Британийн Нэгдсэн Вант улсаас тусгаар тогтнож чадвал Европын холбоо "урам зоригтойгоор" хүлээж авах болно гэж мэдэгдсэн байна.
Ням гаригт ВВС-ийн Эндрю Марр нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө Туск "Шотландчууд өөрсдийн үнэ цэнээ мэдэрч тусгаар тогтнолоо олж авч чадвал Европын холбоо тэднийг уриалагхан хүлээн авах болно" гэж хэлжээ.
Өнгөрсөн долоо хоногт Их Британи Брексит буюу Европын холбооноос бүрмөсөн гарч чадсан.
Харин эсрэгээрээ шотландууд Европын холбооны нэг хэсэг хэвээр үлдэхийг хүсч байгаа юм. Тиймээс өмнөх Ерөнхий сайд Алекс Салмонд, одоогийн Ерөнхий сайд Никола Стуржеон нарын салан тусгаарлах үзэлтнүүд ашиг сонирхлын энэ зөрчил дээр дөрөөлөн Их Британиас өрх тусгаарлах эрмэлзэлтэй байгаа юм.
Шотланд нь Их Британийн цөмийн зэвсгийн агуулахын үүрэг гүйцэтгэдэг. Үүнээс гадна Умард Атлантын цэргийн эвслийн цөмийн зэвсэглэлийн үндсэн хэсэг болох АНУ-ын 58 ширхэг 5D пуужин бий. Их Британи Европын холбооноос гарсан тохиолдолд Умард Атлантын цэргийн эвсэлтэй байгуулсан гэрээнд зөрчил үүсч, тэдгээр пуужинг эргүүлэн татахаас өөр аргагүй болно.
Баасан гаригт Европын холбоонд Герман улсыг төлөөлөгч, Европын ногоон байгууламжийн ерөнхийлөгч Ска Келлер бие даасан Шотланд улс Европын холбоонд элсэх хүсэлт тавих юм бол хүлээж авахад бэлэн гэж мэдэгдэв.
Гэсэн хэдий ч саяхан явуулсан судалгаанд оролцсон Шотланд иргэдийн олонх нь тусгаар тогтнолын асуудал дээр ямар нэг байр суурьгүй байгаа гэсэн хариулт өгсөн байна.
Хэрвээ Шотланд улс Их Британиас тусгаар тогтновол шинэ улсын өрийн хэмжээ 143 тэрбум фунтээс эхэлнэ гэсэн тооцоог Нийгэм эдийн засгийн судалгааны үндэсний институт гэх байгууллага хийжээ. Энэ нь Шотландын ДНБ-ий 86 хувьтай тэнцэх мөнгө юм.
Тусгаар тогтновол өр болж үлдэнэ гээд байгаа энэ 143 тэрбум фунт нь Их Британийн нийт гадаад өр болох 1.7 их наяд фунтын Шотландад ногдох хэсэг юм байна. Нийгэм эдийн засгийн судалгааны үндэсний институтийн шинжээчдийн үзэж байгаагаар бол ийм их өрийг Шотланд бие даан төлж чадахгүй гэнэ. Хэрвээ өрийг үл хамааран шийдвэр гаргасан тохиолдолд зээлжих зэрэглэл нь хэдэн шатлалаар буурч, хамаг орлогооо өрөндөө өгөн, ард иргэдээ өлөн зэлмэн амьдруулах аюул нүүрлэнэ гэж судалгааны тайланд өгүүлсэн байна. Мөн фунт стерлингийг үндэсний мөнгөн тэмдэгт болгох боломжгүй болж, олон талт эдийн засгийн хоригт өртөн эцэстээ эргээд эзэнт гүрний бүрэлдэхүүнд нэгдэхээс өөр гарцгүй гэж дүгнэжээ.