Улаанбаатарын ундны усны шугам хоолойг цэвэрлэх шинэ технологи нэвтрүүлнэ
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба БНСУ-ын "Сеннипан" компанитай Нийслэл хотод ус хангамжийн шугам сүлжээг цэвэрлэх дэвшилтэт тоног төхөөрөмж нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Ундны усны шугам хоолойг цэвэрлэх шинэ технологийг нэвтрүүлснээр усанд агуулагддаг төмөр, хлорид, аммони, нитрит, нитрат зэргийн агууламж буюу хатуулаг, булингарын хэмжээг 90% хүртэл бууруулах боломж бүрдэх аж.
2018 оны аравдугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын харьяа Ус, дулаан дамжуулах төвийн 12 байрны 672 өрхийн 3,047 хүн, 72 аж ахуйн нэгж байгууллагыг хангадаг хүйтэн усны ф100 мм-ийн голчтой, нийт 469 метр урт шугамд зэв арилгах азотын тусгай хийн дэвшилтэт технологи ашиглан амжилттай туршсан байна. Үүний үр дүнд шинжилгээгээр 0.027 мг/л байсан төмрийн агууламж 0.015 мг/л болж багасаж, өнгө, булингарын агууламж эрс багасчээ.
Мөн хэрэглэгчдэд үйлчлэх төвд оршин суугчдаас ирэх дуудлагын тоо эрс багассан бөгөөд төгсгөлийн байрны айл өрхийн цоргон дахь усны даралт нэмэгдсэн байна.
Энэхүү шинэ технологиор ус хангамжийн шугам сүлжээг угааж цэвэрлэснээр шугам сүлжээний хэвийн, найдвартай ажиллагааг хангаад зогсохгүй эдэлгээг уртасгах давуу талтай аж.
Цаашид шинэ техник технологи нэвтрүүлэх, нутагшуулах, инженер техникийн ажилтнуудыг сургах томоохон ажлууд үе шаттайгаар хийгдэнэ.