Монгол орны хувьд 2019 он 1940 оноос хойш ажиглагдсан 5 дахь дулаан жил байлаа
2019 ОНЫ УУР АМЬСГАЛЫН ЖИЛИЙН ТОЙМ
Монгол орны 2019 оны жилийн дундаж агаарын температур 1.2°C буюу 1940 оноос хойш ажиглагдсан 5 дахь дулаан жил байлаа.
Бүс нутгаар авч үзвэл говийн нутгийн өмнөд, Алтайн өвөр говиор +6-аас +9.6°С, тал хээр, Их нууруудын хотгор орчмоор +2-оос +5°С, Хангайн нуруу, Дархадын хотгор орчмын нутгаар -4°С аас -8°С, бусад нутгаар -1-ээс +2°С орчим байлаа.
Зураг 1. 2019 оны жилийн дундаж агаарын температурын орон зайн тархалт
2019 оны өвлийн улирлын агаарын дундаж температур (зураг 2) баруун нутгаар ОЖД-аас (-1-оос -2°С аар илүү хүйтэн) хүйтэн байсан ба зүүн зүгийн нутгаар илүү дулаан, харин ихэнхи төвийн бүс нутгаар ОЖД орчим байсан байна.
Хаврын саруудад агаарын дундаж температур ихэнхи нутгаар ОЖД-аас дулаан (1-ээс 2°С-аар дулаан) байсан ба Ховд аймгийн нутгаар ОЖД орчим байжээ.
Зуны улирлын агаарын дундаж температур төвийн болон Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгорын нутгаар ОЖД-аас 1-ээс 2°С-аар дулаан, бусад нутгаар ОЖД орчим байсан байна.
Намар Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь нутгаар 9-р сард тунадас бага орсонтой холбоотой тус улиралд агаарын дундаж температур ОЖД-аас илүү дулаан (2°С-ээс их) байсан. Булган, Хэнтийн хойд хэсэг болон Сэлэнгэ, Дарханы нутгаар намрын улирлын агаарын дундаж температур ОЖД орчим, бусад нутгаар ОЖД-аас дулаан (1-өөс 2°С-аар дулаан) байжээ.
Зураг 2. 2019 оны улирлын агаарын дундаж температурын ОЖД-аас
(норм 1986-2015 он) хазайх хазайлт
2019 он 1940 оноос хойш тохиолдсон 35 дахь хур тунадас багатай жил байлаа. Жилийн нийлбэр хур тунадсыг газарзүйн тархалтаар авч үзэхэд (зураг 3) Хөвсгөлийн уулсын зарим нутаг, Хэнтийн нуруу, Архангайн хойд хэсэг, Идэр Тэсийн гол сав, Өвөрхөнгайн Хархорин, Увсын Малчин орчим нутгаар 306.9-419 мм, тал хээрийн говийн бүс нутгаар 69.5-166.2 мм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, Эхийн гол орчмоор 25.1-62.4 мм орсон байна. Хэнтийн Дадалд 419 мм, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүрд 403.9 мм хур тунадас орсон нь хур тунадасны жилийн нийлбэрийн хамгийн их утга болов. Дорнодын Ононд 6 дугаар сарын 28-нд 77.9 мм хур тунадас орсон нь хоногт орсон хур тунадасны тухайн жилийн хамгийн их утга болжээ.
Зураг 3. 2019 оны жилийн нийлбэр хур тунадасны орон зайн тархалт
2019 оны өвлийн улиралд Ховд болон Говь-Алтайн баруун хэсэг, Өмнөговь аймаг орчмоор ОЖД-аас 20-оос 60%-иар илүү, нутгийн зүүн хойд хэсгээр ОЖД-аас 20-оос 40%-иар бага тунадас оржээ. Хаврын улиралд Ховд, Хөвсгөл болон Өмнөговь аймгийн нутгаар ОЖД-аас 20-80%-иар их, нутгийн зүүн хойд хэсгээр ОЖД-аас 20-оос 60%-иар бага тунадас орсон бөгөөд зун ихэнхи нутгаар ОЖД орчим хур тунадас унасан.
Зураг 4. 2019 оны улирлын нийлбэр хур тунадасны ОЖД-аас
(норм 1986-2015 он) хазайх хазайлт
Цасан бүрхүүлийн зузаан
12 дугаар сарын 31-ний байдлаар нийт нутгийн 70 орчим хувьд цастай байгаагаас Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн өндөрлөг, Хархираа Түргэний уулс, Хан Хөхий нуруугаар буюу Увсын Малчин, Хяргас, Завханы Их-Уул, Баянтэс, Нөмрөг, Баянхайрхан, Түдэвтэй, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Тосонцэнгэл, Тэлмэн, Тэс, Хөвсгөлийн Галт, Сэлэнгийн Бугантад /Ерөө/ 20 см-с зузаан, нягт нь 0.12-0.25 г/см3, Баян-Өлгийн Даян /Сагсай/, Увсын Баруунтуруун, Улаангом, Завханы Эрдэнэхайрхан, Цэцэн-Уул, Алдархаан, Сонгино, Улиастай, Шилүүстэй, Хөвсгөлийн Жаргалант, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Цэцэрлэг, Булганы Бугат, Хангал, Дашинчилэн, Сэлэнгийн Хүдэр, Хэнтийн Биндэр, Дадал, Батширээт, Баян-Адрага, Гурванбаян, Өмнөдэлгэр, Батноров, Галшар, Өлзийт, Сүхбаатарын Асгат, Сүхбаатар, Дорноговийн Иххэтсумдын нутгаар 11-20 см зузаан, нягт нь 0.11-0.24 25 г/см3, Булган, Сэлэнгэ, Дархан-Уулын ихэнх, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Увс, Завхан, Хөвсгөл, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Өмнөговь, Дорноговийн зарим сумдын нутгаар 6-10 см, баруун болон төвийн аймгуудын зарим, говийн аймгуудын ихэнх, зүүн аймгуудын ганц нэг сумдын нутгаар цасгүй, бусад нутагт 0-5 см зузаан цастай (зураг 5) байна.
Зураг 5. 2019 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар цасны зузаан (см).
Тус жилд агаарын температурын үнэмлэхүй их утга Дорноговийн Хөвсгөлд 39.0°С, хөрсний температурын үнэмлэхүй их утга Дархан-Уулын Дархан, Дорнодын Матад болон Төв аймгийн Жаргалантад 69°С хүрч ажиглагдсан бол үнэмлэхүй бага утга Завханы Баян-Уулд агаарт –48.4°С, хөрсөн дээр -49°С хүрч хүйтэрсэн. Харин даралтын үнэмлэхүй их утга Сэлэнгийн Сүхбаатарт 967.4 гПА, бага утга Баянхонгорын Баянбулагт 753.8 гПа хүрч тус тус ажиглагдсан. Салхины хурд хамгийн их нь Говь-алтайн Бугатад 39 м/с хүрчээ (зураг 6).
Зураг 6. Тус сард ажиглагдсан экстремаль утгууд
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдэл
2019 онд улсын хэмжээнд цаг агаарын гаралтай аюултай үзэгдэл 78, гамшигт үзэгдэл 21 удаа болсоноос салхи шуурга 19, нөөлөг салхи 13, их цас, нойтон цас 2, цочир хүйтрэл 6, их бороо 9, мөндөр 13, шар усны үер 2, аянга цахилгаан 17 удаа тус тус ажиглагдав. Үүний улмаас 22 хүн амь насаа алдаж, 2 хүн гэмтэж, 22143 мал хорогдож, 5 зам, гүүр эвдэрч, 233 гэр, 226 хашаа нурж, 31 барилгын дээвэр хуурч, 27 эрчим хүчний шон унасан бөгөөд улс нийгэмд 15 тэрбум 139 сая 945 мянган төгрөгийн шууд хохирол учирсан байна.