"manaikhoroo.mn" мэдээллийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлэхээр боллоо
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар “Нийслэлийн иргэдийн амьдрах орчны зураглал, мэдээллийн нэгдсэн систем” /manaikhoroo.mn/-ийн шинэчлэлийн ажлын явцыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцууллаа.
Гэр хороолол дахь нийтийн үйлчилгээг сайжруулах 2013-2015 оны төслийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны санаачлагаар “Нийслэлийн иргэдийн амьдрах орчны зураглал, мэдээллийн нэгдсэн систем” /manaikhoroo.mn/-ийг Азийн сангийн дэмжлэгтэйгээр хөгжүүлж, ашиглаж эхэлсэн байдаг. Уг мэдээллийн нэгдсэн системд гэмт хэрэг их гардаг цэг, үерийн аюултай бүс гэх мэтээр жил бүр тоон мэдээлэл нэмэгдэж байна.
Ийнхүү мэдээллийн сангийн төрөл, баяжилтууд нь нэмэгдэж байгаа учраас цаашид зөвхөн байршилд суурилсан захиргааны тоон мэдээллээс гадна бусад төрлийн боломжит тоон мэдээлэл цуглуулах, боловсруулах, өгөгдлийн шинжилгээ хийж үр дүнг нь бодлого төлөвлөлтөд ашиглах зэрэг шаардлагад тулгуурлан шинэчлэх ажлыг хийж эхэлжээ. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хэлэхдээ “Шинэчлэлийн ажлын зорилго нь мэдээллийн ялгаа, давхардлыг арилгах, мэдээллийг ашиглах боловсруулах, сайн засаглалыг дэмжих, мэдээллийн аюулгүй байдлыг хангах нэгдсэн бүртгэл бий болох давуу талуудтай. Мөн дүүрэг хороодуудыг харьцуулж харах боломжыг бүрдүүлж нэг мэдээллийн сантай болгож хөгжүүлсэн байгаа” гэв.
Түүнчлэн уг системд хороо хэсгийн ахлагчдын баг зөрчлийг илрүүлж бүртгэлжүүлэхэд холбогдох байгууллагууд мэдээллийг авч 30 хоногийн дотор судалж шийдвэрлэх замаар нэгдсэн зохион байгуулалтад орж байгаа аж.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан уг асуудалтай холбогдуулан таван заалт бүхий үүргийг тэмдэглэлээр өглөө. Мөн өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг ирэх хоёрдугаар сарын 15-ны дотор танилцуулахыг үүрэг болголоо. Тэрбээр, нийслэлийн иргэдийн амьдрах орчны газрын зураглал, мэдээллийн нэгдсэн систем” /manaikhoroo.mn/-ийг “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын дотоод удирдлагын систем” /erp.ulaanbaatar.mn/-тэй холбож ажлын уялдаа холбоог нэгтгэж хурдан шуурхай ажиллах нөхцлийг бүрдүүлэхийг нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзоригт үүрэг болголоо. Мөн нийслэлийн иргэдийн амьдрах орчны газрын зураглал, мэдээллийн нэгдсэн систем” /manaikhoroo.mn/-ийг сургалтын хэрэглэгдэхүүнийг сургалтын систем /trc.ulaanbaatar.mn/-д байрлуулж ажиллахыг НЗДТГ-ын дэргэдэх Сургалт, судалгааны хэлтэст даалгалаа. Түүнчлэн нутгийн захиргааны байгууллагууд болон Захирагчийн ажлын албадууд, дүүргүүдийн Засаг дарга нар дээрх системийг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэвшүүлж, тодорхой ажлын төлөвлөгөө гаргаж ажиллахыг үүрэг болголоо.