Хиймэл оюун ирээдүйд цөмийн дайн эхлүүлж болзошгүйг эрдэмтэд анхааруулав
Корнеллын Их Сургуулийн цөмийн физикийн эрдэмтэд улам бүр хөгжин байгаа автоматчилал, хиймэл оюун ухаан нь нь цаашдаа цөмийн дайн үүсэх шалтгаан болж болох юм гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Эдгээр экспертүүд хиймэл оюун ухаан нь аливаа удирдлагыг хэрэгжүүлэх хамгийн аюулгүй арга боловч ийм технологийн цаашдын хөгжил нь маш аймшигтай үр дагаварт хүргэж болзошгүй гэж үзэж байна. Тэд Орос болон Хятад улсыг хамгийн боловсронгуй цөмийн зэвсэгтэй улсууд гэж үзэн, Оросын цөмийн шумбагч «Посейдон» буюу «Статус-6» нэрээр алдаршиж буй шинэ хөлөг нь хиймэл оюун ухаанаар удирдах цөмийн зэвсгийг бөөнөөр үйлдвэрлэх чиглэлийн эхлэл байж магадгүй гэж дүгнэжээ.
“Хэдийгээр олон зүйл тодорхой бус байгаа боловч Орос улс Статус-6 зэрэг цөмийн, хүнгүй , автомат удирдлагатай шумбагч хөлөг хийж байгаа нь бусад улсуудын хувьд энэ тал дээр хоцрохгүй, автомат удирдлагын ийм хэмжээнд хүрэх гэсэн нэг зорилго нь болж болох юм”- хэмээн судлаач Майкл Горовиц хэлж байна.
Одоо хүмүүс хиймэл оюун ухаанаар удирдах янз бүрийн механизм, элдэв халдлагаас урьдчилан анхааруулах системийг олноор хийж, хэрэгжүүлж байгаа бөгөөд түүхийн явцад иймэрхүү технологитой холбоотой аюултай нөхцөл байдал бий болсон тохиолдол бий. 1983 онд Зөвлөлтийн дэд хурандаа Станислав Петров нь пуужингаас хамгаалах , урьдчилан анхааруулах дуу болон оптикийн системийн өгсөн “АНУ пуужингийн довтолгоо хийж байгаа” тухай анхааруулгыг буруу мэдээлэл хэмээн үзэж хариу арга хэмжээ аваагүй явдал нь үүний нэг жишээ гэж Горовиц үзсэн байна. Чухам энэ дэд хурандаагийн ачаар ЗХУ болон АНУ хооронд дэгдэж болох байсан цөмийн дайн бололгүй өнгөрсөн билээ.
Илтгэлд дурдсанаар бол зарим төрлийн автоматчилал нь цөмийн системийн найдвартай байдал, хэвийн байх нөхцөлийг хангахад тус болох боловч өөр бусад тохиолдолд аймшигт үр дагавартай эрсдэл үүсгэж болох талтай гэдгийг онцолсон байна.