Дэлхийн эрүүл мэндийн байгууллага коронавирустай холбоотойгоор онц байдал зарлалаа
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага коронавирусийн халдвар дэлхий даяар хурдацтай тархаж байгаатай холбогдуулан хуралдаж олон улсын хэмжээнд онц байдал зарлах шийдвэр гаргажээ.
ДЭМБ-ын Онцгой байдлын хороо Швейцарын Женев хотод пүрэв гарагт хуралдсан юм.
“БНХАУ-д 8100 гаруй хүн халдвар аваад байгаагаас 170 хүн амиа алдсан. Мөн дэлхийн бусад орнуудад халдвар хурдацтай тархаж байгаа нөхцөлд бид ийм арга хэмжээ авахаас өөр арга үлдсэнгүй. Ялангуяа эрүүл мэндийн салбарын хөгжил дорой улс орнуудад бид туслах ёстой” гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дарга Тедрос Гебреем хэлжээ.
Одоогийн байдлаар дэлхийн хэмжээнд 8,236 хүн коронавирусын халдвар аваад байгаагаас 8,124 нь хятадын иргэд юм. Мөн тус өвчний улмаас 171 хүн нас барсан байна. ДЭМБ-ын мэдээлж байгаагаар Хятадаас гадна 21 оронд коронавирусын халдвар илэрсэн бөгөөд азаар тэдгээр орнуудад хүн нас барсан тохиолдол илрээгүй аж.
Хамгийн сүүлийн байдлаар Швейцар улсад 2 иргэн халдвар авсан байж болзошгүй байна гэж ДЭМБ мэдэгджээ.
ДЭМБ өмнө нь олон улсын хэмжээнд 5 удаа онц байдал зарлаж байжээ. Үүнд 2009 оны гахайн томуу, 2014 оны Полио вирус, 2016 онд Зика вирус, 2014 болон 2019 онд Эбола вирусийн дэгдэлтийн үед онц байдал зарласан аж.
Халдвар илэрсэн орнууд
- Хятад: 8,124
- Тайланд: 14
- Япон: 11
- Хонконг: 10
- Сингапур: 10
- Австрали: 9
- Тайвань: 9
- Малайз: 8
- Макао: 7
- АНУ: 6
- Франц: 5
- Герман: 4
- Өмнөд Солонгос: 4
- Арабын Нэгдсэн Эмират улс: 4
- Канад: 3
- Вьетнам: 2
- Камбож: 1
- Финлянд: 1
- Энэтхэг: 1
- Балба: 1
- Филиппин: 1
- Шри Ланка: 1