Агаарын тээврийн компаниуд Хятад руу хийх нислэгээ цуцалж эхэлжээ
Коронавирусын дэгдэлтээс болоод томоохон агаарын тээврийн компаниуд Хятад улс хийх нислэгүүдээ цуцалж эхэлжээ.
Английн агаарын тээврийн "British Airways" компани Хятад руу үйлдэх дамжин өнгөрөх болон шууд бүх нислэгээ цуцалсан болохоо мэдэгджээ. Их Британийн гадаад хэргийн яамны төлөөлөгч "Хятадын бүх нутгаас коронавирусын халдвар илэрсэн учраас "British Airways" ийм шийдвэр гаргасан" гэж мэдэгджээ.
"British Airways"-ын дараа "Cathay Pacific Airways", "United Airlines", "Air Canada" зэрэг томоохон нислэгийн компаниуд мөн тодорхойгүй хугацаагаар Хятад руу нислэг үйлдэхгүй гэсэн шийдвэр гаргажээ. Коронавирусын халдвараас болоод Хятад улсыг чиглэх зорчигчдын тоо эрс буурсан учраас ингэхээс өөр зам байсангүй гэж "United Airlines"-ийн гүйцэтгэх захирал хэлсэн байна.
Одоогийн байдлаар дэлхийн хэмжээнд 7,783 хүн коронавирусаар өвчлөөд байгаагийн 7,678 нь хятадын иргэд юм. Мөн бусад халдвар илэрсэн 21 орны иргэд бүгд Хятадад аялж яваад өвчилсөн болох нь тогтоогдсон билээ. Өчигдөр япон улс 300 гаруй иргэнээ халдварын голомт болсон Ухань хотоос татсан бөгөөд тэдний 3 нь халдвар авсан болохыг илрүүлсэн юм.
Мөн Австрали улс Хятадаас гаргаж авсан 600 гаруй иргэдээ бүгдийг нь хөл хорионд оруулсан аж. Тэднийг эх газраас 200 км-ын зайд орших арал дээр байрлуулах бөгөөд 2 долоо хоногийн турш тэнд нь байрлуулна гэж тус улсын засгийн газрын төлөөлөгч мэдэгджээ.