Франц улсын нийслэл Парис хотноо цагдаа нар цалингаа нэмүүлэх, тэтгэврийн шинэ журмыг цуцлах шаардлага тавьж буй гал сөнөөгчидтэй мөргөлдсөн тухай олон тооны эх сурвалжууд мэдээлж байна.
Гал сөнөөгчид дүрэмт хувцас дуулгатай байсан бол цагдаа нар бамбай болон бороохой ашиглаж тэдэнтэй мөргөлджээ. Парис хотын гудамжинд олон мянган гал сөнөөгчид ийнхүү гарч ирсэн нь эрх баригчид төдийгүй ард иргэдийн санааг зовоож байгаа юм. 1990 оноос хойш га сөнөөгчдийн цалин болон урамшууллыг нэмээгүй учраас тэд ингэж олноороо жагсах болжээ.
Ялангуяа маш аюултай нөхцөлд ажиллаж байгаа гал сөнөөгчид одоо урамшуулал авах нь хүнд болоод байгаагаас гадна шинэ тэтгэврийн журмын дагуу эрт тэтгэвэрт гарах эрхгүй болох юм. Мөн ихэнх францчууд 63 нас хүрч байж тэтгэвэрт гарах ёстой болж байгааг эрс эсэргүүцэж байгаа аж.
Гал сөнөөгчид хөдөлмөрийн аюултай нөхцөл байдалд ажилладаг учраас 4-5 жилийн өмнө тэтгэвэрт гарах нь энгийн үзэгдэл байдаг аж.
Цагдаа нар гал сөнөөгчдийн эсрэг хүч хэрэглэж байгааг Францын иргэд зүй бус үйлдэл хэмээн шүүмжлэх болжээ.
Анх үйлдвэрчний эвлэлүүд тэтгэврийн шинэчлэлтийг эсэргүүцэн өнгөрсөн оны 12-р сард эхлүүлж байсан жагсаал он гарсаар суларч байсан ч ийнхүү дахин хүчээ авч байна. Гудамжинд үйлдвэрийн ажилчид, хуульчид, уран бүтээлчид гээд бүх салбарын хүмүүс нийлэн Засгийн газрынхаа бодлогыг эсэргүүцэж байгаа юм.
Үүний хажуугаар Францын төмөр замын холбоо, Парис хотын нийтийн тээврийн газрын албан хаагчид ажлаа хаясан байна. Шинээр санал болгосон тэтгэврийн журмын дагуу дээрх салбарын ажилчид эрт тэтгэвэрт гарах эрхээ алдах эрсдэлд ороод байгаа юм.