АНУ-ын агаарын тээврийн аюулгүй байдлын хороо Коби Брайнт болон бусад 8 хүний аминд хүрсэн нисдэг тэрэгний осол гарсан шалтгааныг тодорхойлсон болохоо мэдэгджээ.
Тус нисдэг тэрэг нь агаарын тээврийн хорооноос гаргасан нислэгийн үеийн хэмжээг зөрчиж техник хэрэгслийн бүрэн бүтэн байдал болоод аюулгүй ажиллагааны дүрмийг зөрчсөн болохыг мэргэжилтнүүд тогтоосон байна. Шинжээчдийн дүгнэлтээр тус "Sikorsky S-76B" загварын нисдэг тэрэг нь өндөр хэмжих систем буюу "TAWS"-аар тоноглогдоогүй байсан аж. Анх 2004 онд бүх нисдэг тэрэгнүүд тус системийг суулгасан байх ёстой гэсэн тогтоол гарч байсан аж.
Осол болдог өдөр нислэгийн талбай хэт их манантай байсан учраас нислэгийн баг Лос Анжелес хотын нислэгийн удирдах газраас нам дор газар нисэх зөвшөөрөл хэд хэдэн удаа хүссэн аж. Дараа нь тус нисдэг тэрэг өндөр хэмжигчгүй байсан учраас хэт өндөрт гаран үүлний давхаргатай мөргөлдөн агаарт 15 минутын турш эргэлдсэн аж. Эцэст нь үүлнээс салж огцом доошлох үедээ газрын баримжаа байгаагүйгээс болоод ойролцоох толгодтой мөргөлдсөн юм байна.
Энэ дүгнэлтээс харвал нисгэгч олон тооны нислэгийн дүрэм зөрчсөн нь илэрхий байгаа ч түүнд бүх бурууг үрүүлж болохгүй гэж мэргэжилтнүүд үзжээ. Учир нь осолд байгалийн хүчин зүйл нөлөөлсөн нь тодорхой байгаагийн дээр нисдэг тэрэгний эд ангиудыг бүрэн бүтэн байсан эсэхийг шалгаж дуусахад дор хаяж сарын хугацаа шаардагдах гэнэ.
Мөн эцсийн дүгнэлтийг гаргахад 5-6 сарын хугацаа шаардлагатай гэж агаарын тээврийн аюулгүй байдлын хороо мэдэгджээ.