Хонконгийн судлаачид үхлийн аюултай коронавирусын эсрэг вакцин боловсруулсан гэж мэдэгджээ.
Хонконгийн их сургуулийн профессор Юен Квок-Юуны ахалсан баг 3 долоо хоногийн турш ажилласны үр дүнд тус вакцинийг гаргаж авсан гэж "South China Morning Post" мэдээлэв.
Гэхдээ тус вакцинийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхээс өмнө амьтдад турших хэрэгтэй гэнэ.
"Вакцинийг олон тооны амьтад дээр туршиж үзсэний дараа л хүн дээр турших болно. Энэхүү үйл явц хамгийн багадаа нэг жилийн турш үргэлжилж магадгүй ”гэж Юен Квок-Юун хэлэв.
Мөн эх газрын Хятад улс вакцин бүтээх ажилд орсон гэнэ. Харин тэндэхийн эрдэмтэд илүү богино хугацаанд вакцин гаргаж авна гэдэгт Юэн эргэлзэж байгаагаа хэлжээ.
Үүний зэрэгцээ Австралийн Мельбурн дахь Питер Дохертигийн Халдвар ба дархлаа судлалын хүрээлэнгийн судлаачид коронавирусыг лабораторийн нөхцөлд хуулбарлаж, үхлийн аюултай вирусийн эсрэг тэмцэх вакцины боловсруулалтыг хурдасгах боломжийг нээсэн байна.