Иргэд өөрөө инфляци өсөх эрсдэл бүрдүүлэв
Долоо хоног бүрийн даваа, лхагва, баасан гаригт та бүхэнд хүрдэг "Саак өнцөг" булангийн шинэ дугаар хүрч байна. Бид энэ удаа И-март Чингис, И-март Хан-уул, Баянзүрх зэрэг худалдааны төвүүдээр явж бараа бүтээгдэхүүний үнэ ханш, эрэлт, нийлүүлэлтийг сурвалжиллаа.
Шинэ он гарснаас хойш Монголын нийгэм амар амгаланг үзсэнгүй. Тэтгэвэрийн зээл тэглэх, зээлийн хар жагсаалтад орсон иргэдийг өршөөх зэргээс эхэлсэн шуугиан дээр “Номинжингууд” нэмэгдэж, удалгүй корона газар авч өмнөх бүх “шуугианыг” нам дарав. Саяхан л улсын Ерөнхийлөгч өөрөө бодлогогүй үйлдэл хийж, инфляци өсөх, монгол төгрөгийн ханш унах аюулт бодлого хэрэгжүүлж байна хэмээн олон нийт шүүмжилж байсан билээ. Гэтэл одоо коронаг тойрсон баталгаагүй, эх сурвалжгүй мэдээнд “бөмбөгдүүлсэн” иргэд мах, гурил, будаан дээрээ “алалцаж”, зохиомол үнийн хөөрөгдөл бий болоход хүргэв.
-Тэгвэл үнэхээр өргөн хэрэглээний барааны хомсдол үүссэн үү, томоохон зах, худалдааны төвүүд нөөцгүй болсон уу гэдэг талаар бид сурвалжилсан юм-
И-март Чингис салбар дээр очиход гурил, будаа тавиур дээр хангалттай байхын хажуугаар иргэдийн хөл хөдөлгөөн ч их, сагс нь ч гурил, будаагаар дүүрсэн байлаа. Бид албаны хүмүүстэй уулзахад “Ямар ч бараа бүтээгдэхүүний хомсдол үүсээгүй. Сошиалд тавигдсан зураг бол бүтээгдэхүүний өрөлт хийхийн өмнөх зураг. Тиймээс иргэдийг хуурамч мэдээлэлд автахгүй байхыг уриалж байна” гэсэн юм.
Дараа нь Хан-уул дүүрэгт байрлах шинэ И-март худалдааны төвд бараа бүтээгдэхүүн хомсдсон сургаар тэндэхийг зорьлоо. Очиход бусад тасаг дүүрэн хэрнээ гурил будааны тасаг хоосон шахуу байлаа. Ялангуяа нэг хилийн гурилын хэсэг хэдийн хоосорчээ.
И-март Хан-уул салбар. Нэгдүгээр сарын 28-ны 17 цагийн байдлаар
И-март Хан-уул салбар. Нэгдүгээр сарын 28-ны 17 цагийн байдлаар
Харин 5,10 кг-ийн гурилын хэсэгт ажилтан гурил зөөж, өрж байсантай таарч зарим зүйлийг тодруулсан юм. Тэрээр:
“Сүүлийн 2 хоногт худалдан авалт огцом нэмэгдсэн. Гэхдээ хомсдол үүссэн зүйл байхгүй. Бид гэнэтийн эрэлтэд бэлэн биш байсан учраас зарим бараа дууссан ч, өнөөдөр дахин бараагаа татсан. Тиймээс нөөц хангалттай байгаа" гэв.
Зарим үйлчлүүлэгчээс гурил, будаа ихээр нөөцөлж байгаа шалтгааныг нь асуухад “Хүнсний хомсдол үүснэ гэсэн шуугиан гарсан. Угаасаа хүн бүр л хүнсээ цуглуулж байна. Олонхоо дагаад л явж байна даа” гэх зэргээр хариулсан юм.
Эрэлт ийм их байхад үнэ хөөрөгдөх нь Монголд хэвийн үзэгдэл. Саяхан л маск, спиртийн үнэ өссөн бол одоо гурил будааны үнэ ч хөөрөгджээ. Тухайлбал, Баянзүрх худалдааны төвд 5кг-ийн гурил 6000 байсан бол өнөөдөр очиход 7000 болж, зарим тасагтаа 7500 болж нэмэгдсэн байна.
Зах худалдааны төвийг хаахгүй гэж мэдэгдсээр атал иргэд Нийслэлийн засаг даргын тамгын газарт биш, хэнийх нь мэдэгдэхгүй фейсбүк постод итгэж, ийнхүү үнийн хөөрөгдөл үүсгэсэн нь харамсалтай. Энэ хэвээр туйлширсаар байвал Монгол банк, Засгийн газар, Ерөнхийлөгч биш, иргэд өөрсдөө инфляци өсгөж өөрсдийн санхүүг эрсдэлд оруулах хандлагатай байна.
Социализмийн үеийн картын барааны үеийг санагдуулам энэ дүр зураг ниймгийн тогтолцоо, аюулт вирус, төр засгаас биш, хуурамч мэдээ тараагчдаас, түүнд автагчдаас үүдсэн гэдгийг санаж, нэгийг тунгаах биз ээ.
Х.Үүрийнтуяа
Эх сурвалж дурдахгүйгээр зөвшөөрөлгүй хуулбарлан нийтлэхийг хориглоно.