Хятад хэлийг ердөө 4 сар сураад Шанхайн их сургуульд элсэж чадсан оюутны зөвлөгөө
Би 17 настайдаа Хятадад ирэн хэлний курст сууж бүтэн жил болсон юм. Хэл сурч эхлээд 4 сар болж байхад Хятад хэлний шалгалтад орох болж багадаа 4-р төвшин хүрэх оноо авах ёстой боллоо. Энэ нь хэлний мэдлэг B2 хэмжээнд байх ёстой гэсэн үг байв.
Энэ нь нэлээд хэцүү, бас харь улсад, дасаж амжаагүй орчинд байгаа үедээ тийм шалгалт өгөх хэрэгтэй болно гэдэг амаргүй байсан нь ойлгомжтой. 4 сар шинэ хэл үзэж дараа нь багш нарын лекцийг ойлгодог болно гэдэг хэцүү боловч би чадсан юм. Ингээд хэрхэн ингэж чадсан аргаа та бүхэнд хуваалцъя.
Хэл сурах гэж байгаа хүний хувьд хамгийн чухал зүйл бол зорилго байдаг. Миний хувьд HSK4т буюу гадаадын оюутнуудын хятад хэл дээр өгөх шалгалтыг давах явдал байлаа. Ингээд зорилго тодорхой болсны дараа хэл хэрхэн сурах тодорхой төлөвлөгөө гаргасан юм. Би хэдэн ханз мэдэх хэрэгтэй гэдгээ тооцож 4 сардаа хуваалаа.
Өдөр болгон ханз цээжилж байсан бөгөөд зарим өдөр бүр 50 хүрч байсан юм. Хуулж бичиж, эдгээр үгс орсон янз бүрийн дасгал хийх, утсан дээрээ Anki апп-ыг татаж аван ашиглаж байлаа. Энэ апп нь өөрөө дүрс үсгийн хүснэгт гаргаж хүссэн үедээ хичээллэх боломжтой их тустай зүйл байсан юм.
Мөн ой тогтоолтын хичээлд сууж байсан учир Помодоррогийн арга техник хэрэглэн (15 минут хичээллээд 5 минут амрах) үгээ хурдан сурахад тус болох график хийлээ.
Бас таобао-гаас өөртөө хэрэгтэй ном, хэл сурахад зориулсан тусгай карт худалдаж авсан.
Миний хэлэх гэсэн нэг чухал зүйл бол өнгөрсөн жилийн шалгалтын тестийг аль болох олноор нь олж аван хийж, бэлтгэх юм. Ийм тестийг интернетээр олж авахад амархан бөгөөд яг л шалгалт өгч байгаа мэт тэр хугацаанд нь хийх гэж оролдоорой.
Надад бас нэг том давуу тал байсан нь Хятад хэлийг Хятад улсад сурж байсан явдал юм. Үүнийгээ ч сайн ашигласан бөгөөд дэлгүүрт ороод авах гэсэн юмаа хуруугаараа зааж хятадаар яаж хэлэхийг нь худалдагчаас асууна. Ийм байдлаар эмнэлэг, такси, их сургууль, метро... гээд газар сайгүй асуусаар. Жижигхэн хүүхэд шиг л энэ юу вэ? энийг юу гэж хэлдэг вэ ? гэж хүн болгоноос шалгаана.
Ингэж би хэл сурсан бөгөөд 4 сарын турш тасралтгүй үргэлжилсэн сурч судлах үйл явцын ачаар шалгалтаа өгч чадсан билээ. Хэл сурахад их хичээл зүтгэл, байнгын оролдлого маш их үүрэгтэй юм. Учир нь хүний тархи гэдэг бол яг л булчин шиг зүйл. Зөвхөн байнгын бэлтгэлээр өндөр үр дүнд хүрч болох билээ.