Феминизмийн дараах эмэгтэйчүүдийн эрин
Долоо хоног бүрийн даваа, лхагва, баасан гаригт та бүхэнд хүрдэг "Саак өнцөг" булангийн ээлжит дугаар хүрч байна. Бид энэ удаа эмэгтэйчүүдийн тэгш боломж буюу Феминизм гэж юу болох, барууны орнуудад ямар байсан хийгээд манай монголд эмэгтэйчүүд ямар байр суурь эзэлж ирсэн талаар бэлтгэлээ.
Феминизм гэж юу вэ?
-“Эмэгтэйчүүдийн эдийн засаг, улс төр, нийгмийн тэгш эрхийг хамгаалах, түүнийг бий болгоход чиглэгдсэн үзэл санаа болон хөдөлгөөнүүдийн нийлбэр цогц юм”- Кэмбрижийн толь бичиг
XIX зуунд Европт анх Феминизмийн үндэс тавигдаж, цаашлаад Америк, Их Британи болон бусад орнуудад феминист хөдөлгөөн өрнөх болжээ. Үүний шалтгаан нь тухайн цаг үед эмэгтэйчүүд сонгуульд нэр дэвших, санал өгөх эрхгүй, мөн дээд боловсрол эзэмших, олимпод оролцох, хөдөлмөр эрхлэх тэр бүү хэл өмд өмсөх ч эрхгүй байсан аж. Тиймээс эрэгтэй хүнтэй адил тэгш эрх эдэлж, сурч боловсорч, нийгэм, улс төрд оролцоогоо нэмэгдүүлэхийг хүссэн эмэгтэйчүүдийн хөдөлгөөн ийнхүү өрнөжээ.
Хамгийн анх эмэгтэйчүүдийг сонгуульд оролцохыг хуулиар зөвшөөрсөн улс бол Шинэ Зеланд юм. Харин сонгогдох эрхийг эмэгтэйчүүдэд анхлан олгосон улс нь Финлянд бөгөөд 1906 онд парламентэд эмэгтэй хүн анх сонгогджээ. Ингээд цааш Европын ихэнх оронд эмэгтэйчүүдийг сонгуульд оролцохыг ээлж дараалан хүлээн зөвшөөрсөн байна.
Улс орнуудын эмэгтэйчүүдийн санал өгөх эрхийг зөвшөөрсөн он
Эмэгтэйчүүд ийнхүү улс төр, нийгэм цаашлаад гэр бүлдээ байр сууриа бэхжүүлж, тэгш боломж хүртэхийн тулд хэд хэдэн удаа томоохон хөдөлгөөн өрнүүлсэн байдаг. Тэдгээр нь улс орон бүрт өөр өөр цаг хугацаанд, ялгаатай давтамжийн дагуу өрнөсөн бөгөөд жишээ нь АНУ-д 3 удаа томоохон Феминизмийн давалгаа бий болжээ.
Энэ мэт урт хугацааны тэмцэл хөдөлгөөний үр дүнд Америк болоод Европын эмэгтэйчүүд сонгуульд санал өгөх, нэр дэвших, олимпод оролцох, өмчлөх, дээд боловсрол эзэмших, өмд өмсөх эрхийг олж авчээ.
Тэгвэл өдгөө анх эмэгтэйчүүдийн сонгогдох эрхийг хүлээн зөвшөөрсөн Финлянд улсыг удирдаж буй таван нам тавуулаа эмэгтэй удирдагчтай, тэдний 4 нь 35-аас доош насны залуухан эмэгтэйчүүд байна. Энэ нь нэг талаар эмэгтэйчүүдийн эрин ирэв үү хэмээх бодлыг төрүүлж байгаа юм.
Эрх чөлөө, ардчиллын өлгий болсон барууны эмэгтэйчүүд ийнхүү дөнгөж XX зуунд өөрсдийн оролцоо, дуу хоолойг бэхжүүлж чаджээ. Тэгвэл Монгол эмэгтэйчүүд нийгэмд ямар байр суурьтай байв? Энэ талаар Монгол улсын түүхийн гавьяат багш С.Отгонжаргал багшийн яриаг хүргэе.
Ийнхүү эзэнт гүрний үеэсээ л Монгол эмэгтэйчүүд төрийн хэрэгт оролцож, есөн өрлөгийн өмнүүр орж үг хэлэх эрхтэй байгаад зогсохгүй эмэгтэй хүн бол гэрийн хоёр баганы нэг, төрийн тулгуур гэж хүндлэгддэг байжээ. Тиймдээ ч Монголын нууц товчоонд дурьдсанаар Чингис хаан Өэлүн эхийг уурласанд айхын ихээр айж, ичихийн дээдээр ичлээ хэмээн хэлдэг. Мөн Чингис хааныг Жамухаас салж нүүх төрийн томоохон шийдвэр гаргахад Бөртэ хатан оролцож нөлөөлсөн байдаг.
Монгол эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь ямар байсныг тодорхойлох өөр нэгэн жишээ нь махан шүүс юм. Угсаатан судлаачид үзэхдээ хамгийн хүндтэй хүнд барьдаг өвчүүнээс эмэгтэйчүүдэд хувь хишиг хүртээдэг байсан нь тэднийг эрэгтэй хүнээс дутуугүй хүндэтгэн үздэг байсны илрэл хэмээн тайлбарладаг.
Мөн Дөргэнэ хатан, Огул Хаймиш, Ану хатан, Мандухай сэцэн хатан гээд эмэгтэйчүүд төр барьж, төрд зүтгэж байсан тохиолдол цөөнгүй.
Харин өнөөгийн байдлаар манай улсын 76 гишүүний 13 нь эмэгтэйчүүд байна.