Хэлний боловсрол болон математикийн чиглэлээр Хятадын сургуулийн сурагчид хамгийн өндөр дүн үзүүлсэн тухай Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын (ЭЗХАБ) илтгэлд дурджээ.
Гурван жилийн турш хийсэн энэ судалгаагаар Хятадын эдийн засагт хөгжлөөрөө тэргүүлэх бүсүүд болох Бээжин, Шанхай, Жянсу, Жөжян зэрэг хот мужуудын 15 нас хүртэлх сурагчид нь АНУ болон баруун Европын улсуудын үе тэнгийнхнээс үндсэн хичээлийн үзүүлэлтээр илүү дээгүүр дүн үзүүлж байгааг тогтоосон байна.
Математик болон уншлага, байгалийн шинжлэх ухааны холбогдолтой хичээлүүдээр Хятадын сурагчид нь ЭЗХАБ-ын үнэлгээгээр 555,591,590 оноо авч эхний байрыг эзэлсэн бол АНУ-ын хүүхдүүд дунджаар 505 оноог уншлага, 502 оноог байгалийн шинжлэх ухааны хичээлээр, 478 оноог математикийн хичээлээр (13-р байр) тус тус авчээ.
Хэдийгээр сүүлийн жилүүдэд боловсролын салбарт оруулах хөрөнгө оруулалт 15% нэмэгдсэн ерөнхий дүнтэй боловч АНУ, Баруун Европ, Австрали, Японд хүүхдийн боловсролын түвшин буурч байгааг энэ судалгаагаар тогтоосон байна.
ЭЗХАБ-ын бэлтгэсэн энэ илтгэлийг шүүмжлэгчид нь тухайн судалгааны үр дүн нь бодит бус, Хятадын дөрвөн хамгийн өндөр хөгжилтэй бүсийг сонгон авсан нь буруу гэж үзэж байгаа юм. Гэхдээ ЭЗХАБ нь өөрийн дүгнэлт бүхий илтгэлийг бодит зүйл гэж мэдэгдсэн ба Хятадын дээрх дөрвөн бүст 180 сая хүн амьдардаг нь АНУ (327 сая хүн ам), Японы (126 сая хүн ам) зэрэг өндөр хөгжилтэй орнуудын хүн амьтай харьцуулж болох тоо гэсэн байна.
Энэ судалгааг 2015-2018 оны хооронд 80 гаруй улсад хийж нийт 600 000 сурагчид оролцжээ.