Хүчирхийлэгч нь хохирогчтойгоо гэрлэвэл ялаас мултарч болдог хуулийг Туркийн парламент батлах гэж байна
Насанд хүрээгүй охидыг хүчирхийлсэн эрэгтэйчүүд хохирогчтойгоо гэрлэх замаар ял шийтгэлээс зайлсхийх боломжийг олгодог хууль Турк улсын парламентад батлагдаж байгаа бөгөөд энэхүү тогтоомж нь иргэдийн зүгээс нэлээд их эсэргүүцэлтэй тулгарч байна.
Тус хууль тогтоомжийг 1-р сарын 16-нд парламентад анх хэлэлцсэн юм.
Шинэ хуульд зааснаар сэжигтэн болон хохирогчийн насны зөрүү арваас бага байвал хоорондоо гэрлэхийг зөвшөөрөх аж. Ингэсэн тохиолдолд тухайн сэжигтнийг хүчингийн болоод хүүхдийг садар самуунд уруу татсан гэх зүйл ангид буруутгах боломжгүй болох юм.
Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы Шударга ёс, хөгжлийн нам (AKP) өнгөрсөн онд тус улсад газар аваад байгаа насанд хүрээгүй хүүхдийн гэрлэлтийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор боловсруулсан гэж хэлсэн байна.
Сөрөг хүчний Ардчилсан Ардчилсан Нам (HDP) засгийн газраас энэхүү тогтоолыг батлахгүй байхыг уриалсан бөгөөд үүгээрээ тэд хүүхдийн хүчирхийлэл болон насанд хүрээгүй хүүхдийн гэрлэлтийг хуульчилж байна гэж мэдэгджээ.
Хууль санаачлагчид энэ хуулийн төслийг 1-р сарын сүүлээр батлагдаж дуусна хэмээн үзэж байгаа аж.
Судалгаагаар Турк эмэгтэйчүүдийн 40 орчим хувь нь бэлгийн болон бие мах бодийн хүчирхийлэлд өртсөн болох нь тогтоогдсон байдаг. Турк улсад 18 нас хүрсэн тохиолдолд гэрлэхийг зөвшөөрдөг юм. Засгийн газрын 2018 оны тайланд сүүлийн 10 жилийн хугацаанд тус улсад 480 мянга гаруй 18 настай охид гэрлэсэн болохыг дурджээ.
"Энэхүү итгэмээргүй хуулийн эсрэг байр суурьтай байгаагаа олон хүн илэрхийлсэн. Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгчид үйл ажиллагаагаа олон жилийн турш явуулсны ачаар Египет, Иордан, Ливан, Марокко, Тунис, Палестин зэрэг орнуудад үүнтэй төстэй хууль, тогтоомжийг хүчингүй болгож чадсан. Энд ч гэсэн бид ялж чадна." гэж эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх "Яг одоо" байгууллагын төлөөлөгч хэлсэн байна.
Уг хуулийн төслийг анх 2016 онд санаачилсан юм. Тухайн үед НҮБ-ын агентлагууд энэхүү саналыг "тус улсад бэлгийн болоод хүүхдийн хүчирхийлэл газар авахад нөлөөлнө" гэж анхааруулж байсан аж.